Халимагийн туульс
Европын гүнд Монгол цусны Халимагууд ямархан хувьтай 400 жил оршсоныг энэ туульсаас бүрэн мэдэж болно. Өмнө нь торгуудын нэг дууг зүүлт тайлбартайгаар оруулж байсан бол одоо Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулаад ижил мөрний хөвөөнд үлдэж хоцорсон Халимаг торгуудын түүхээс холбогдох багахан хэсгийг оруулж байна.
1941 онд үл довтлолцох гэрээтэй байсан Герман улс ЗХУ-д гэнэт довтлоход хамгийн түрүүнд цохилтыг тосч хамгийн хохирол амссан нь ЗХУ-ын кавказын холбооны улсууд, мөн волга, кавказ ормын бага үндэстнүүд буюу осет, кавказ, армян, халимаг, гүрж зэрэг үндэстнүүд байлаа.
Үүний дотор ЗХУ-ын баатар Городовиков тэргүүтэй халимагийн 110-р тусгай морин дивиз оройлон байлдаж баатарлаг гавъяа байгуулан тулалдаж Зөвлөлтийн гол хүчинд ухрах боломж олгосон аж. Тулалдаанд нийт бие бүрэлдэхүүний 90 орчим хувийг алдсан дивийзийг бусад анги нэгтгэлүүдэд тараан байршуулсан гэдэг. 1942 оны зун фельдмаршал Манштейний 16-р танкын дивиз генерал-майор Хайнрицын удирдлага дор Элистаг эзэлж, угаас торгуудын их нүүдлээс үлдэж хоцорсноос хойш байнгын дарлал хавчлага дунд байсан халимагийн ардын сэтгэлийг татаж доктор Отто Долл нэрт германы зондерфюрер Рудольфом Вербегийн удирдлага дор Халимагийн морьт корпусыг эмхлэн байгуулж Германы талд байлдаж байсан нь 1944 оны 7 сарын үед 3592 хүрч байсан байна.
Улаан арми 1943 оны өвөл 12 сард Элиста хотыг эргүүлэн авсан бөгөөд тухайн үед Германы талд байлдаж байсан Халимагийн морьт корпусаас болоод фронт даяар байлдаж байсан халимагийн 24000 орчим цэрэг офицерүүдийг Халимагийн нэгдсэн тусгай нэгтгэл байгуулах нэрээр эргүүлэн татаж цэргүүдийг сибирьлүү цөлсөн, мөн 1943 оны 12 сарын 27-28 шилжих шөнийн үүрийн 6 цагт "Улусы" нэрт ажиллагаагаар 26369 өрхийн 93139 энгийн иргэд, хүүхэд хөгшдийг сибирьлүү цөлж, Омск, Новосибирск мужуудад Широковскийн УЦС, Пермийн уурхай зэрэг газруудад тараан ажиллуулж байгаад Никита Хрущев засгийн эрхэнд гарснаар 1957 онд эргэн эх нутагтаа очих боломж олгож, ЗСБНХАУ-ыг эргэн сэргээсэн байна. 13 жилийн цөллөгийн хүнд хүчир жилүүдэд 34 мянга орчим харлимагууд цаг бусаар үрэгдсэний дотор 18310 хүүхэд байсан юм.
Халимагийн үндэсний музей дахь "Улусы" ажиллагааны түүхийг харуулсан самбарын хэсэг
Дэлхийн хоёрдугаар дайны үед Халимагаас ЗХУ-ын баатар 11 төрсөн бөгөөд энэ нь нийт ЗХУ дотор үндэстний тоонд харьцах баатрын тоогоор хоёрдугаарт орох үзүүлэлт аж. Энэ үзүүлэлтээр Осет үндэстэн тэргүүлдэг бөгөөд халимагийн хэлмэгдүүлэлтээс болоод ЗХУ-ын баатарт нэр дэвшүүлсэн халимагийн 9 баатрын тодорхойлолт буцсан, фронтоос нийт дайчдыг татан аваагүйсэн бол энэ тоо улам өсөх байсан нь дамжиггүй билээ.
Энэхүү видеог Халимагийн Лагань тосгонд 2014 оны намар хийсэн бөгөөд туульстай холбогдох тайлбарыг хожим нэмэн оруулах болно.
төгрөг - үндсэн дүгрэг гэдэг утгаар орсон байна.
шивэр - сибирь
бамба - бадам буюу бадамлянхуа цэцэг, өдгөө Халимагийн БНУ-ын далбаан дээр буй.
Халимагийн туульс
Хэзээнээс давсан гэнээ хааны цагт нь ээ
Хээр сайхан газармуд нь зүүн гар билээ ла
Хээр сайхан газармуд нь зүүн гар билээ ла
Аргатай чадалтай эрдэний дөрвөн нутаг нь
Алтайн уул даваад нүгээд гарсан билээ ла
Алтайн уул даваад нүгээд гарсан билээ ла
Олон гэнээ түмэн гэнээ төгрөг эсгий гэрмүд нь
Оросын газар эргээд нүүгээд явдаг билээ ла
Оросын газар эргээд нүүгээд явдаг билээ ла
Арван гэнээ гурван гэнээ гашуутай жилд нь ээ
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла
Хааны ёстой хальмаг орон нутаг нь ээ
Хасаг мангад орос дунд нь нэрээ гаргаад явлаа ла
Хасаг мангад орос дунд нь нэрээ гаргаад явлаа ла
Увш хаан ахтай манай халимаг ноёдууд нь
Уул газраа тэмцээд хариу гарсан билээ лэ
Уул газраа тэмцээд хариу гарсан билээ лэ
Оросын төлөө явсан гэнээ манай халимаг улс нь ээ
Оросын хатуу ёсноос л гундал үзсэн билээ лэ
Оросын хатуу ёсноос л гундал үзсэн билээ лэ
Франц немеш булта дайлаад ирсэн дайчыг ээ
Фариш берлин хүргээд л харьж явсан билээ ла
Фариш берлин хүргээд л харьж явсан билээ ла
Арван гэнээ гурван гэнээ гашуутай жилд нь ээ
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла
Араагаа зуусан гэнээ манай халимаг улс нээ
Ашидын энгэр дээгүүр л эргээд ирсэн билээ ла
Ашидын энгэр дээгүүр л эргээд ирсэн билээ ла
Хавартаа ургадаг бамба л цэцэг нь
Халимаг газраа хээрлээд ганхаад гэнээ байна ла
Халимаг газраа хээрлээд ганхаад гэнээ байна ла
Шажин гэнээ өнгөтэй шар цоохор туг нь
Шинэ жаргал угтаад л дэлсээд ирлээ байна ла
Шинэ жаргал угтаад л дэлсээд ирлээ байна ла
Халимагийн нэрээ гаргаад дэлсээд ирлээ байна ла
Халимаг тангач нэрээ гаргаад дэлсээд ирлээ байна ла