5 хуудас 5
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 10-р сар.27.20 2:26 pm
Бичсэн БаБу
Дурласан дурлал чинь азгүйтэж бүтэхгүй юм бол
Дундуур сэтгэлээ сайхан итгэлээр тэтгээрэй
Дуулим энэхэн хорвоод ханилан жаргах хувьгүй бол
Далай сэтгэлдээ түүнийгээ бүү мартаарай.
Заримдаа бүр итгэл ч үгүй доош уначих үе байдаг шүү тиймээ. Ер нь энэ амьдрал чинь тэр чигээрээ л зовлон юм даа. Тэр дунд хэд хэдэн жаргалтай агшин туулдаг тулдаа л бид сэтгэлээ дэвтээж, итгэлээ тэжээж явдаг юм уу даа. Гэхдээ бие эрүүл, элэг бүтэн байхад зовлон гэдэг харьцангуй ойлголт юм шиг ээ. 28 нас хүрэхнээ. Гэтэл би нөгөө л 18-тай үеийн сэтгэл хөдлөлтэй, сэрэл мэдрэмжтэйгээ хэвээр л байна.
Хаа холоос тэмүүлэн тэмүүлэн хачин гоё сайхан юм дотроо төсөөлөн нэг залуу дээр ирсэн боловч цаг хугацаа нь таараагүй юу, би сонирхлыг нь төрүүлээгүй юу, ямартай ч бүтсэнгүй. Бид хоёр угаасаа л олон жил нэг тийм дэн дун байсан юм. Гэхдээ би дандаа л гэнэт гарч ирснээ гэнэт алга болж тэр хүнд садаа болдог байсан л даа. Хүртэх ёстойгоо л хүртлээ нтр. Гэхдээ тэр хүнийг би огтхон ч муу муухайгаар бодохгүй ээ. Би ууг нь тэр бүр хүнд сэтгэл зүрхээ өгдөггүй л дээ. Гэхдээ миний үнэн сэтгэлээсээ хайрласан хүмүүс хайрыг минь огт даахгүй юм.
Гэснээс яг нэг тиймэрхүү л хүнтэй суух юмсан гэж боддог хүнтэйгээ сохор болзоонд явж таарлаа. Боловсролтой, ирээдүйтэй, элэг бүтэн, өндөр хаха. Гэхдээ мань хүний хүсэл зорилго арай өөр байх шиг санагдсан. Би түүнд үнэхээр их татагдсан. Гэхдээ би одоо харилцааны асуудал дээр өөрийгөө болон бусдыг хүчлэх ямар ч сонирхолгүй болчихжээ. Болвол сайн л биз, болохгүй бол яахав дээ, тийм ээ. Ямартай ч гэртээ ирчихсэн хүн чинь жаргалтай сайхан байнөө.
Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 11-р сар.18.20 4:04 am
Бичсэн БаБу
Хоёр хоног сураг чимээгүй явж ирснээ нэг набор барьчихсан орж ирээд би чамайг ямар их санаваа гээд бүсэлхийгээр минь тэврээд хэвлийд минь толгойгоо наачихаж билээ. Би хажуу өрөөнийхэнтэй нь ууж байсан юм. Үргэлжлүүлэх санаатай гарах гэтэл 2уулаа өнөөдөр амаръяаа гээд намайг шууд л ор луу татсан.
Маргааш нь миний төрсөн өдөр байсан юм. Надад сарын өмнө л филармоны тоглолт үзүүлэх гээд билет авчихсан байсан. Би анх түүнтэй болзохдоо өмссөн цэнхэр даашинзаа өмсөөд гарч билээ. Гадаа их хүйтэн байсан. Эхлээд шоколоадны музей орсон боловч яг музей руу нь орох тасалбар их үнэтэй байсан тул болиод бид доод давхрынх нь дэлгүүрт нэлээд саатсан. Инээдтэй бичигтэй хос аяга байхаар нь харуулах гээд заатал авчих юмуу гээд л. Намайг л баярлуулчих санаатай. Би мөнгөнд нь гамтай байх гээд татгалзсан. Тэгээд нэг шоколадтай пиво аваад гудманд хувааж уучихаад, концерт руугаа орж билээ. Тараад хоол идүүлнэ гээд. Гэртээ хариад хоолоо хийгээд идвэл арай хямд тусах гээд байдаг. Би ямар ч мөнгөгүй тул түүний мөнгийг үрэхээсээ жаахан санаа зовоод л. Гэхдээ бид хоёр гадуур хоол идсэн. Яагаад ч юм өөр бэлэг хүлээгээд байсан. Уурлаж байгаад түүнийг тортонд гаргаад нэг лаа үлээж билээ.
Тэр нэг умгар өрөөнд яасан ч их дурсамж бүтээгээв дээ, бид хоёр. Би өдөр огт унтдаггүй юм. Гэтэл тэр нэг өдөр хичээлдээ явж ирчихээд унтъя гээд намайг хав дараад, тас тэврээд унтуулчихаж билээ. Тэр нь санаанаас гардаггүй юм. Ер нь намайг тэврэх, эрхлүүлэх, үнсэх, энхрийлэх, хөтлөх нь тун ховор. Эхэндээ их хөндий хүйтэн санагддаг байсан ч сүүлдээ дасчихсан. Хамт хоносон анхны шөнөө л "хоёулаа тусдаа оронд унтъя" гэсэн хүн шүү дээ. Тэр их халуун биетэй. Тэгсэн мөртлөө унтах болохоороо паараа тултал халаачихна. Тэгээд нэхх сонин бөгчим болгож байгаад унтдаг байж билээ. Би тэрэнд нь дургүйг яана.
Тэр өглөө 8-д хичээлдээ явдаг би унтаад үлддэг байсан юм. Намайг дуу чимээнд ямар мэдрэг унтдагийг мэдсээр байж өглөө албаар аймар их түчигнэж түчигнэж байгаад явдаг байж билээ. Тэр мөчид би түүнийг их үзэн яддаг байсан даа. Ер нь миний тэвчээр барж, уур хүргэсэн зүйл хийж миний хариу үйлдлээс кайф авдаг маниак ч юм шиг гар байсан даа. Намайг дээрээс дарж байгаад аймар гижигдэнэ. Би дүүгээ багадаа тэгж шоглодог байснаа яриснаас хойш дүүгийн чинь өшөөг авч байна гээд л их зовоодог сон. Миний сүүлдээ тэвчээр барагдаж тэсрээд, хараалын үг хэлчихдэг байсан. Гэхдээ тийм аймар урсгахгүй шдээ, мэдээж. Тэгсэн сүүлд чамаас салах нэг шалтаг бол "чи хараалын үг хэлдэг" гэж авч билээ. Жаахан хүүхэд шиг ч юм шиг. Хөлдүү төмс ч юм шиг. Хайраа их сонин аргаар илэрхийлдэг хүн байсан.
Монголд байх зунаа хамт хөдөө явахад мань хүн ганц хүний хийлдэг гудастай тэгээд тэрэн дээрээ өөрөө л унтаад байсан. Ядаж байхад 8-сарын дунд байсан болохоор шөнө аймар хүйтэн. Би их даардгыг ч хэлэх үү. Гэхдээ би тиймэрхүү занг нь мэддэг болохоор эхэндээ тоогоогүй лдээ. Гэхдээ анх удаа морин дээр холын аялал туулж үзэж байгаа надад арай л хөндий хүйтэн хандаад байхаар нь гомдсондоо үг хаяж, уйлж унжсан чинь орой нь гудсан дээрээ унтуулсан. Даанч нөгөөх нь тэр өдөр цоорчихсон байсан хаха. Би ч яадахнээ хүнд эрхэлж мэддэггүй золиг л доо. Нөгөөх ч бас эрхлүүлж мэдэхгүй. Ууг нь хоёулаа л дотроо бол хоёр биенийгээ тултал сайхан байлгах гээд хичээх боловч санаандаа хүртэл гаргаж чаддаггүй л байсан шиг санагддаг юм.
Тэр зунаа бас монголд нэг рашаан руу хамт явсан юм. Намайг халуун ваннтай рашаанд оруулаад дээрээс ширтээд суучихдаг байж билээ. Алив гэдсээ томбойлго доо, жирэмсэн болвол ямар харагдахнуу гэдэгсэн. Европт байхад цагаан сараар би бууз хийж өгсөн чинь жигтэйхэн их баярлаад л байсан тэгснээ учиргүй буузнуудыг маань эргүүлж тойруулж хараад л...яасан гэсэн чинь "чимхэлтийг нь харж байна" ч гэх шиг. Намайг буцахын урд орой надад бууз хийж хөлдөөгөөд үлдээ гээд. Тэгээд намайг гэрт харьсан хойно буузнуудаа чиний нэрээр нэрлэчихсэн идээд байж байна гэж ирээд л ххэ. Сонин сонин үг үйлдэлээр хайр хүргэдэг байж билээ. Заримдаа намайг харахаараа "ёооё би чамайг яаж тоосон юм бэ" гэнэ. Заримдаа болохоор "над шиг юманд олдсон хамгийн сайхан нь гэж ирээд л магтана". Би өдөр хичээлээ тараад ирэхэд нь өрөөг нь цэвэрлээд хоолыг нь хийчихээд л цонхоороо ирэхийг нь хүлээгээд хараад суучихдаг байж билээ. Надад тэнд танил найз нөхөд байхгүй, гаръя гэхнээ ч мөнгө байхгүй болохоор тэр л миний баяр баясгалан байдагсан. Даанч тэгээд гэртээ ирэхээрээ дотагаа тоглоод намайг тоохгүй, гаръя гэхээр мөнгөгүй гэж дургүй хүргэнэ.
Би нэг гэрт өмсөх хувц h&m-с 10 еврод багтаагад аваад өгчих гэхэд өгөөгүй байж өөртөө lacoste намайг дагуулж орсноо 200 еврогоор хувцас авчихад нь би дэндүү их гомдоод шууд хаяад явчихаж билээ. Дараа нь салах шалтагтаа "надаас байнга юм нэхдэг би чиний нөхөр биш" гэж бичсэн байсан хаха. Би тэгж нэг гэрийн хувцас тэгээд бас бус идэж уух юмнаас өөр юм нэхэж үзээгүй ээ ууг нь. Хүнсээ цуглуулахдаа хамт гарах мөч хамгийн гоё. Сүүлд тэр нэг дугуй авсан юм. Тэр нь ард нь нэг хүн сууж болохоор төмөртэй. Хэдий бөгс аймар өвддөг ч нэг их аз жаргалтайгаар сундлуулаад л явдаг байж билээ. Надад мэр сэр мөнгө л олдвол би түүнтэй л хамт үрэх дуртай байсан. Бид хоёр их ч ууж, их ч сексдэж, их ч хэрэлдэж, их ч инээлдсэн дээ. Хэрэлдхээрээ гэхдээ хоёулаа дуугаа хураадаг төрлийн хүмүүс юм билээ.
Бас нэг өдөр бид хоёр өрөөндөө хамт баахан бүжиглэж билээ. Дандаа уянгын дуу тавьж байгаад түүний цээжинд наалдаад бүжиглэсэн тэр мөч бас санаанаас гардаггүй юм. Тэр бүжиглэж чаддаггүй гээд байдаг юм. Бас нэг өдөр намайг тэндхийн клубт оруулна гээд. Би бөөн баяр. Миний баяртай байгаад тэр ч бас сэтгэл нь хөөрснүү клубт орж баахан уугаад мань хүн муудаад тэгээд хоёулаа харьж билээ. Анх уулзахдаа л амлаж байсан шигээ надад үнэхээр хамгийн сайхныг мэдрүүлжээ. Бид хоёрын салах нь тодорхой болчихсон байсан үе бид хоёр уугаад сууж байтал "Би чиний өмнөх найз залууд дургүй. Үзэн яддаг. Тэр чиний тэр гоё насны хайрыг чинь авчихаад дааж чадаагүй. Би оронд нь байж болох л байсан" гэж хэлж билээ.
Би түүнийг одоо нэг их боддоггүй ээ. Араас нь шаналж, зовоод ч дуусчихсан. Гэхдээ түүнийг өнөөдөр ингэж дурссан шалтгаан нь би түүнтэй төрх байдал, зан чанараар дэндүү адилхан бараг л усны дусал мэт гэж хэлж болохоор хүнтэй учирлаа. Айсан хэдий ч сонирхол минь дийлсэн. Одоо харьцаж байгаа. Хоолой нь хүртэл адилхан. Сайнтай, муутай л байх. Би чинь нэг жолоогоо алдчихвал өөрийгөө барьж дийлдэггүй хүн. Гэхдээ өмнөхөөсөө бодвол өөрчлөгдсөн байж магадгүй шиг л байна. Мэдэхгүй ээ, харжил байя даа.
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 1-р сар.02.21 9:06 pm
Бичсэн БаБу
2020 оны зорилт
- бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх
- дасгал хөдөлгөөнийг дадал зуршлаа болгох
- санхүүгийн хувьд тогтвортой байх.
Энэ дээрх зорилтууд бол ерөөсөө л насан туршийн зорилт юмаа нтр. 20 он надад лав их л дурсамжтай, чамлалтгүй сайхан байлаа. Жаргал зовлон тэнцүүхэн тохиолдсоныг бодвол тэгш сайхан жил болжээ.
Харин 21 ондоо би
- Шинэ орсон ажилдаа мэдлэг, туршлага хангалттай хуримтлуулж, чадавхжихаас гадна амжилт гаргана
- Хөдөөгүүр ханатлаа тэнэнэ
- 11 юмуу 12 сард Европ явна
- Цалингаас гадуурх орлоготой болно
- Танилын хүрээллээ тэлнэ
- Төсөл бичиж сураад, бичсэн төслөөрөө санхүүжилт авна
- Тусдаа гарна.
За тэгээд энэ дээр нэмээд эрүүл мэнд, аз хийморь, амжилт бүтээл, эрдэм мэдлэг, хайр, эд баялгаар хангалттай байна. 21 онд жинхнээсээ ална.
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 3-р сар.23.21 6:09 pm
Бичсэн БаБу
Нэг хүнтэй айл гэртэж тоглож байна.
Амьдрал болох болов уу, тоглоом байсаар дуусах болов уу, мэдэхгүй ээ.
Тэр миний уулзаж, учирч явсан эрчүүдээс тэс ондоо. Их зөөлхөн хүн.
Надад дураараа хүрч ч зүрхэлдэггүй хүн. Зэрэгцээд хэвтэж байхад хувцасны цаанаас л илээд байдаг. Хувцсыг минь тайчих гэж яардаггүй. Хорвоогийн хамгийн эмзэг зүйлд хүрч байгаа юм шиг хүрч яддаг. Заримдаа түүнийг би тэс өөр болоод над руу шунган дайраасай, намайг эзэмдээсэй гэж хүсдэг. Гэхдээ хүсэл тачаалаас илүү халамж хайранд явдаг насан дээрээ ирсэн надад түүний энэ тайван байдал нь харин ч амар байна. Ямартай ч тэр намайг хайрлаж байна, хүндэлж байна, халамжилж байна.
Тэр надад хоёулаа дотно харилцаанд орохоосоо өмнө энгийн харилцаан дээрээ дотны найзууд шиг болох хэрэгтэй, нууцтай баймааргүй байна гэсэн. Мэдээж найз шиг болчихвол төгс харилцаа үүснэ л дээ. Гэхдээ би чадах эсэхтээ эргэлзэж байна. Учир нь эр хүнд итгэж хамаг юмаа уудлаж ярих нь миний туршлагаар хэзээ ч зөвдөж байгаагүй. Би эр, эм хоёр хүмүүс тэр өөр, хэзээ ч бүрэн төгс ойлголцож чаддаггүй, юм бүхнийг хоёр өөр өнцгөөр хардаг, бие эрхтнээрээ холбогдож нийцдэг ч оюун ухаанаараа бол чаддаггүй гэж хэлсэн чинь их гайхаад байсан. Түүнийхээр ярилцах л юм бол бүх харилцаа амжилттай болж чадна. Нэг бодлын тийм ч дан ярилцаад бүтэхгүй. Давхар сонсдог, ойлгодог, дасан зохицдог, өөрчлөгддөг байх хэрэгтэй. Ер нь зүгээр л бие биедээ саад болохгүй, хэрэгтэй үед нь туслаж дэмжээд л, бие биедээ орон зай, эрх чөлөө олгоод байж баймаар байна. Өөрийгөө болон өрөөлийг уудлаж, таавар тааж, таалагдах гэж хичээж, өөрчлөлт хүлээмээргүй байна. Гэхдээ энэ бол одоогоор ямар ч сэтгэл зүрхээрээ түүнд татагдаагүй байгаа миний бодол. Цаашид хэрхэхийг мэдэхгүй байна.
Хамт байхад нөлөөлсөн гол шалтгаан нь надад орон зай, эрх чөлөө олгоно, намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрнө гэсэн амлалт нь байсан. Би эр хүнээс, хамтрагчаасаа амар тайван байдлыг л хүсдэг болсон. Намайг "алдах юм байх биш, тэгье" гэхэд тэр "үгүй дээ, алдах юм бий. Тэр бол итгэл шүү. Энэ хамгийн чухал нь" гэж хариулж намайг бантуулсан.
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 4-р сар.29.21 3:48 pm
Бичсэн БаБу
Ойрд орон байрны асуудал сэтгэл санаа шаналгаад жаахан тиймхэн байлаа. Өдийг хүртлээ өөрийн гэсэн орон гэртэй болъё гэж энэ хар ухаандаа ер сэтгэж яваагүйн гай л юм даа. Би ерөөсөө л хэт одоодоо байж урдах жижиг сажиг аар саархан юманд л анхаарах юм. Бор гэртээ богд хар гэртээ хаан гэж их үнэн сайхан үг аж. Нас явах тусам хүний орон зай, нийгмээс тусгаарлагдах хэрэгцээ ихэсдэг тул нэг сайхан байртай, байшинтай болох нь их чухал юм байна. Одоогоос хоёр жилийн дотор өөрийн гэсэн гэртэй болно гэсэн зорилт тавьлаа. Толгой дотор сурсан, мэдсэн юм бий учир бүтэж л таараа.
Гэснээс бас энэ дээр бичсэн хүнтэй ахуйн хүрээнд огт таарахгүй юм байна гэдгээ яс махандаа тултал ойлгож авлаа. Нэг их сайхан юм уншдаг, судалдаг, мэддэг хэрнээ ахуй дээрээ өөртөө их арчаагүй, бохир заваан байгаа нь надад огт таалагдахгүй байна. Хүн өөрийгөө эхлээд засаад авбал хэчнээн аштай билээ дээ. Зазз тэр хүн шүүмжлэх яахав. Өөр тайван даа.
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 6-р сар.24.21 12:30 pm
Бичсэн БаБу
Дотор тогтвортой байхад гадна орчинд юу ч болж байсан ямар хамаа байх вэ дээ.
Би нэг үзэсгэлэнт сайхан уулын оргил харчихаад түүн лүүгээ эцэж цуцатлаа мацдаг байжээ. Урьд миний зорилго хараа булаасан уул бүхнийхээ оргилд хүрэх байсан. Өндөрт гараад авах тэр ялалтын бас эзэрхэг мэдрэмж үгээр хэлэмгүй сайхан ч тэр уулын оргилоос цааш өчүүхэн хүн би хааш явах вэ дээ. Далавчтай бол нисээд тэнгэрт мандахсан...
Харин одоо бол би уул биш хязгаар нь үл үзэгдэх тэгш сайхан тал газраар алхаж явах нь дээр юм гэж боддог боллоо. Ер нь аливаа юмс тогтвортой байхдаа сайхан аж. Аажуу тайвуу алхаж явахад замд олон сонирхолтой бөгөөд сайхан зүйлс таардаг юм байна. Урьд нь анзааргүй зүйлсээ олж харж, түүндээ татагдан дурладаг юм байна. Хүрэх оргил гэж байхгүй тул яарах зүйлгүй, амар амгалан болдог юм байна. Тэгээд нэг тийм гэрлийн хутаг олчихсон ч юм шиг, гэгээрлийн замдаа орчихсон ч юм шиг, өчүүхэн жижиг ялаа шавьжийг ч хайрламаар болж, өвс ногоог хүртэл хөндөж гишгэмээргүй санагддаг болчихжээ. Гэхдээ дотор минь үе үе тэртээд хөхрөн харагдах уулын оргилууд хараа булаасан хэвээр л...
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 9-р сар.03.21 9:57 pm
Бичсэн БаБу
Өндөр бор өвөөгөө санан зүүдлэн байж ирээд асарч халамжлана гэсэн амлалтдаа хүрч өвөөтэйгөө хоёулхнаа долоо хонолоо. Багад би өвөөгийнхөө бараг л хоёр том гаранд нь багтдаг туранхай шар бумбагар охин байж билээ. Ширүүн сахлаараа үрж үнсэж их зовоодогсон. Тэр үед өвөө минь надад уул шиг том санагддаг байж билээ. Миний ганц хайрлаж, бахархдаг эрэгтэй хүн минь... Одоо гэтэл өвөө минь миний хүүхэд болчихжээ. Яг л жаахан эрэгтэй хүүхэд шиг. Хоол хийж өгөхөөр учиргүй баярлаад л. Өвөө одоо энийг ид, энийг уу, наадхаа тайл, энийг өмс гээд л. Өлсөж байна уу, бие нь яаж байна гээд л. Ядарчих вий, хальтирчих вий, гэмтчих вий гэж байнга санаа зовоод л. Хүүхэдтэй болох нэг иймэрхүү л байдаг байх даа кк. Амьдралын жам юм даа. Ааваа, ээжий хоёр минь бас удахгүй миний хүүхдүүд болох байх даа. Хүнд ер нь хүнийг хайрлаж, халамжлах хэрэгцээ их байдаг юм байна. Хүнд өгөх тусам зөрүүлж тэрийгээ хэд давуулан авдаг юм байна. Нэг шинжлэх ухаанч найз маань саяхан даа их сайхан үг хэлж билээ. "Хайр гэдэг хүнээс гардаг хамгийн дээд бүтээл. Шинжлэх ухаанаар тайлбарлаж боломгүй" гэж. Бүх бие болон оюун санаагаар хайрын эрчим урсаад сайхан байна.
Дээрээс нь байгаль дэлхий гэдэг өөрөө анагаагч юм. Хот газар ер нь хүнийг их ядраадаг юм байна. Үнэндээ сүүлийн хэдэн сар хөлөө олохгүй, бүх юм уур бухимдал стресс төрүүлээд байсан асуудлыг шийдлээ. Эрч хүч, хайраар цэнэглэгдсэн долоо хоног байлаа. Бүгдэд баярлалаа.
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 12-р сар.17.21 2:16 pm
Бичсэн БаБу
БаБу написал: 1-р сар.02.21 9:06 pm
Харин 21 ондоо би
- Шинэ орсон ажилдаа мэдлэг, туршлага хангалттай хуримтлуулж, чадавхжихаас гадна амжилт гаргана
- Хөдөөгүүр ханатлаа тэнэнэ
- 11 юмуу 12 сард Европ явна
- Цалингаас гадуурх орлоготой болно
- Танилын хүрээллээ тэлнэ
- Төсөл бичиж сураад, бичсэн төслөөрөө санхүүжилт авна
- Тусдаа гарна.
За тэгээд энэ дээр нэмээд эрүүл мэнд, аз хийморь, амжилт бүтээл, эрдэм мэдлэг, хайр, эд баялгаар хангалттай байна. 21 онд жинхнээсээ ална.
- Шинэ орсон ажилдаа ханасан их мэдлэг хуримтлуулж амжаагүй ч алхам тутамдаа шинэ зүйл сурч, туршиж, танилын хүрээгээ тэлж байна.
- За ёстой хөдөөгүүр ханатлаа тэнэсэн. Ховд аймгийг бараг нүхлэсэн. Говь-Алтай аймаг, Өмнөговь аймаг, Хөвсгөл аймаг гэх мэт хөл хориотой жил байсан гэхэд 10 мянга гаруй км хөдөөгүүр явж, аялаж, ажил төрлөө амжуулж авсан.
- За европ бол үнэхээр чадсангүй ээ.
- Цалингаас гадуурх орлоготой болсон боловч цаг их авдаг тул тогтмол хийж чадахгүй л явна. Ямартай ч халтуур ихтэй сайхан жил байлаа хаха.
- Эхний бичсэн төсөл шалгараагүй. Хоёр дах төсөл маань шалгарч санхүүжилт авч чадсан амжилттай. Одоо англи хэлээр их сайхан бичиж сурах хэрэгтэй байна.
- Тусдаа ганцаараа амьдарч байгаа.
Өөрийгөө нэг тэврээд үнсчихье. Тавьсан том зорилтуудаа бүгдийг нь шахуу биелүүлжээ. Ирэх жилийн том зорилго гэвэл
- Албан тушаал дэвших
- Байртай болох
- Нөхөртэй болох
- Аялах, дахин дахин аялах
- Номоо хэвлүүлэх
- Нийгэмдээ нөлөөтэй болох кк
За тэгээд эрүүл саруул байхад хүнд чадахгүй хүрэхгүй юм гэж юу байхав дээ. Бодсон их олон юм байна. Угийн их яааруу адгуу хүн чинь нас явах тусам улам л адгаад байх боллоо. Үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү ч юм шиг дутуу ч юм шиг мэдрэмжүүд ээлжилж төрөөд төвөгтэй юм. Өөртөө бол чадлаараа л хичээж байгаа санагддаг ч илүү сайн хичээх хэрэгтэй болдог юм байна. Нүүрний арьс унжиж, үрчлээ нэмэгдээд байхыг харахаараа жаахан хямраад байх юм. Байнга орой хоосон харанхуй гэрт, өглөө хоосон хөнжилд сэрэх ч бас хүсээд байх сайхан зүйл биш байна. Гэхдээ нөгөө талаас эрх чөлөө, дархан байдал нь үгээр зүйрлэмгүй сайхан л байна кк. Ядаргаатай тэ. Би ер нь баяполар хүн байхаа. Яг одоо бол сэтгэл санаа тайван сайхан байна. Нас нэмэх ер нь таалагдаж байна шүү. Шинэ жилийн мэнд хүргэе

Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 11-р сар.08.22 9:42 pm
Бичсэн БаБу
Сар бүтэн хиртэж буй өдрийн мэнд.
Японд ирээд тав дах сардаа орж байна. Дэндүү романтик сайхан төсөөлөлтэй ирсэн боловч expectation VS reality болоод, дээрээс нь 30 насны хямрал нүүрлээд, хар ажил хийгээд, бие өвдөөд юу ч болов бурхан минь. Огт хамт амьдарч, удаан хугацаанд хамт байж үзээгүй хүн дээрээ ирээд шууд хамт амьдарсан чинь бас их үл ойлголцол гардаг юм байнаа. Өөрийгөө сорьсон зүйлд дуртай гэхэд бас арай ч аймар л сорьчихлоо нтр. Ямартай ч одоо л нэг орчин нөхцөлтэйгээ эвлэрэн дасаад, найз нөхөдтэй болж авсан. Төрсөн өдөр болж 30 хүрч санаа амрав. Нэг ёсондоо 30 насны хямралдаа цэг тавьсан. Гэхдээ тоглоом биш юм билээ шүү. Хар бор ажил хийх нь хэсэгтээ тодорхой тул түр зуурынх гэж бодоод тэвчихэд болох юм байна гэдэг гаргалгаатай болсон. Бие хаа ноцтой өвдөөгүй болохоор гайгүй ер нь стресснээс болсон. Ямартай ч ингээд нэг нэгээр нь цэгцэрч, цэгцэлж байх зуураа relationship-ийн асуудлыг би бүүр хойш нь тавьчихаад байсныгаа анзаараад өөд нь татах гэсэн чинь нөгөө хүнээсээ бөөн гомдол хүлээж авав. Ер нь надад аягүй их гомдоллоод байдаг байсан л даа. Хамгийн аймар нь би хэцүү байвал больчихоо, хайран амьдрал, зовоомооргүй байна гээд хэлчихэв. Цочирдсон л байх даа зайлуул. Гэхдээ болихгүй ээ дахиад нэг сайн хичээе гэнээ.
Би энэ хүнтэй анх 12 жилийн өмнө танилцаж байсан. Яагаад ч юм хэрэв хүнтэй суувал энэ хүнтэй л сууна даа гэж боддог байсан. Сая таван сарын хугацаанд хамт байхад энэ хүнтэй хамт байх юм бол би дандаа амар тайван, хайрлагдсан, халамжлуулсан, хамгаалагдсан мэдрэмжтэй байх юм байна гэдгээ ойлгосон. Тийм учир үнэхээр энэ харилцааг болгож, энэ хүнтэй хамт байхын тулд би их хичээх хэрэгтэйгээ ойлголоо. Би ч бас л их дураараа золиг юмаа.
Өөр ч тайван даа.
Re: Бид амьд хүмүүс
Бичигдсэн: 11-р сар.08.22 9:44 pm
Бичсэн БаБу
Сар хиртэж буй өдөр гэснээс сайн сайхан зүйл бодож хүсдэг өдөр гэсэн шүү.
Нэг хүслээ биелээсэй гэж сүсэглээд энд биччихье. Би монголд очоод аавтайгаа, авга эгчтэйгээ хамтраад аяллын компани байгуулмаар байна. Цөөн тооны хүн авдаг, цомхон аяллын компанитай болохыг маш их хүсэж байна. Тэрний төлөө зүтгэнээ. Бас өвөрмөц, шинэлэг байх талаас нь гоё юм сэтгэнээ.