Алгирмаа
Монгол нутгийн нэгээхэн үеийн амраг хосын учир явдал, аж амьдралыг тэр чигээр хүүрнэн өгүүлэх нэгэн дууны домгийг одоо хүргэе. Энэ бол 1800аад оны дундуур Чин гүрний дотоод хямрал, Гадаад түрэмгийлэгчдийн эсрэг Монгол нутгаас эрчүүдийг хугацаагүй цэргийн албанд дайчилж байсан үед зохиогдсон гэж үзэж болно байх. Тухайн үед Европод Сэм Коллинсон хэмээн алдаршсан Хорчины ноён манжийн эфү Сэнгэринчин Монгол манж олон газраас татсан цэргийг удирдан Тайпины бослогыг дарж, Хар тамхины дайнд орж байсан байдаг. Хэрэв тухайн үеийн Манжийн дансыг шүүн үзвэл Алтансүхийн нэр ч гарах магад. Ямартай ч Алгирмаа хүүхэн амраг нөхрөө арван гурван жил хүлээсэн агаад, тэр хооронд хүүгийн эцэг эх хар санаж хор хутгасан боловч амраг хоёр учир зүйгээ олж, амьдран жаргасан нь дууны үгнээс тодорхой байна.
XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.
Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.
Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байлдax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.
Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.
Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.
Эх сурвалж:
http://shbaatar.blogspot.com/2009/10/blog-post_17.html
Алаг морины алхаа сайвраан
Нийлүүлж явна аа Алтансүх хө
Амраг хонгороо хараад хараад
Баясаж явна аа Алтансүх хө.
Дээгүүр жороо доогуур сайврыг нь
Нийлүүлж явна аа Алгирмаа хө
Дэгжин хонгороо хараад хараад
Уярч явна аа Алгирмаа хө.
Алтан замаа дагаад
Алхуулж явна аа хоёулаа хө
Амраг сэтгэлээ ярилцаад
Инээлцэж явна аа хоёулаа хө.
Атар талын тоосыг
Дэгдүүлж явна аа хоёулаа хө
Ачир үртэй болохоо ч
Ярилцаж явна хоёулаа хө
(Хоёр залуу хол замыг мэдэлгүй туулж, гаднаа ирээд буутал амбан ноёны газраас цэрэгт дуудсан албан захидал угтан авч Алтансүх дуулна)
Алтансүх:
Агт хүлэг морины минь
Хөлсийг нь сэвж амжаагүй
Ардаа үүрсэн саадаг нумны минь
Чилээ нь гарч амжаагүй
Амраг хонгор Алгирмаатайгаа
Танилцаж дасаж амжаагүй хө,
Айл гэрийн амьдралаа
Аятай гурав хэлэлцээгүй хө
Албан хот Мүгдэнгээс
Дуудах бичиг ирсэн тул
Арав хоног зөрчих юм бол
Алах ялд орно хө
Үрээ хүлэг морины минь
Хөлс нь сэвж амжаагүй хө
Үүрч явсан саадаг нумны минь
Чилээ нь гарч амжаагүй хө
Өөрийн эхнэр Алгирмаатайгаа
Ижилсэж дасаж ч завдаагүй хө
Өрх гэрийн амьдралаа ч
Эвтэй гурав хэлэлцээгүй хө
Эзний амбан ноёноос
Дуудлагын бичиг ирсэн тул
Ес хоног зөрчих юм бол
Үхэх ялтай болно хө
Алтан юу аяганд нь
Архи юугаа хийлээ хө
Аав болоод ээжийнхээ
Арван хуруунд нь дэвшүүлье хө
Амбан сияаны цэрэгт
Амлагдан мордох боллоо хө
Аав болоод ээжийгээсээ
Амны ерөөлийн хүсье хө
Эцэг:
Алтан аягатай архийг
Аав нь хүүгээсээ авъя хө
Арван зүгтээ сүрчиж байгаад
Аав нь хүүдээ захья хө
Амбан хааны цэрэгтээ
Амар мэнд яваарай
Амьд мэнд дахин уулзахын
Амны ерөөлөө дэвшүүлье!
Алтансүх:
Мөнгөн юу аяганд нь
Архи юугаа хийлээ
Мөөмөө болоод аавынхаа
Мутарт нь дэвшүүлье!
Мүгдэн сияаны цэрэгт
Мордох дээр шийдлээ хөө
Мөөмөө болоод аавынхаа
Мөрийн ерөөлийг хүсье!
Эх:
Мөнгөн аягатай архийг
Мөөмөө нь хүүгээсээ авъя
Мөнөө зүг зүгт сүрчээд
Мөөмөө нь хүүдээ захья
Мүгдэн сияаны цэрэгт
Мэнд сайн яваарай
Мөдхөн гэртээ ирэхийг
Мөөмөө нь хүүдээ ерөөе!
Алгирмаа:
Агаар тэнгэрийн нарны
Илч нь болооч бие минь хө
Амраг хонгор Алтансүхээ
Дулаалж явахгүй юү бие минь хө.
Уудам дэлхийд дураараа довтлох
Салхи болооч бие минь хө
Учирсан хонгор Алтансүхээ
Хүргэж өгөхгүй юү бие минь хө.
Хурмаст тэнгэрт хурж байгаа
Үүл ч болоосой бие минь хө
Хонгор хайртай Алтансүхдээ
Сүүдэр болж өгөхгүй юү хө
Хорвоо ертөнцийн
Саран ч болоосой бие минь хө
Харанхуй шөнийн гүнээр
Хонгороо харж явахсан
Урган ургасаар унана гэдэг нь
Усны муугийнх юм уу даа хө
Учир учирсаар сална гэдэг нь
Урьдын тавилан муугийнх уу хө.
Гар гарсаар гандана гэдэг нь
Газар муугийнх ч юм уу даа хө
Арав хонохгүй сална гэдэг нь
Анхны ерөөл муугийнх уу хө.
Алтансүх: (Аав ээждээ хүүхнээ захиж дуулна)
Алаг эрээн үнээ чинь дээ
Тугалаа дагаад мөөрнө дөө хө
Айлын хүүхэн Алгирмаагаа
Ачиртайгаа адил бодоорой хө
Хүрэн эрээн үнээ чинь дээ
Тугалаа дагаад мөөрнө дөө хө
Хүний хүүхэн Алгирмаагаа
Хүүтэйгээ адил бодоорой хө
Алтансүх: (Алгирмаадаа захиж дуулна)
Цагаан эрээн тахиа чинь дээ
Цагаасаа эрт дуугарна даа хө
Цагаан тахиагаа дуугарсны сүүлээр
Цайны галаа асаа даа хө
Цайны галаа асаасны сүүлээр
Цал буурал ээжий ааваа
Цагийн цагт хүндэл дээ хө.
Улаан эрээн тахиа чинь дээ хө
Улсаас эрт дуугарна даа хө
Улаан эрээн тахиагаа дуугарсны сүүлээр
Усны галаа асаа даа хө
Усны галаа асаасны сүүлээр
Эмгэн буурал ээжий ааваа
Өдрийн өдөрт хүндэл дээ хө.
Арши зандан хүж юугаа
Асааж бай даа Алгирмаа хө
Аав л ээжийн шүтээнийг нь
Цагийн цагт нь эргүүл дээ хө.
Үнэр сайтай гоошоон хүжийгээ
Асааж байдаа Алгирмаа хө
Эцэг дээдийн шүтээнийг нь
Цагийн цагт нь хүндэл дээ хө.
(Ингээд Алтансүх цэрэгт морджээ. Нэгэн өдөр хойд эх нь Алтансүхийн эцэгт агсарч дуулна гэнэ)
Адуу мал чинь
Арын жалгаар дүүрэн байдаг
Аадал гэргийг сахих хүмүүн үгүй
Алаг үр Алтансүх чинь
Албан цэрэгт мордон явж
Арван гурван жилийг болно оо
Амьд ирэх билүү үхэх билүү?
Алиныг нь хэмээн бодно вэ гэлээ!
Айлын хүүхэн Алгирмааг
Ашиггүй тэжээх хэрэг байна уу хэмээн
Өвгөнийг өндөр дуугаар загнаж хэллээ.
Хөндүү дүүрэн мал чинь
Хүн амьтан үгүй
Энэ амьдралын эзэн болсон миний биеэ!
Өөрийн хүү шүү Алтансүх чинь
Иргэний цэрэгт мордон явж
Эргэж ирэх билүү?
Эргээд ирэх үгүй хоёрыг
Энэ өдөр ямрыг мэдэж
Хүний хүүхэн Алгирмааг
Хүч л үгүй тэжээхийн хэрэг байна уу?
(Иймэрхүү байдалтай болоход Алгирмаа хүүхэн авааль нөхөр Алтансүхээ мөрөөдөн санаж дуулж сууна)
Алгирмаа:
Алд алдын торгон хадгийг
Задалж сууна аа Алгирмаа хө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон доо
Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө.
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө!
Жан жангийн торгон хадгийг
Задлан суунаа Алгирмаа хө
Заяаны нөхөр Алтансүхтэй
Жаргалын замыг холбосон доо хө.
Угийн нөхөр Алтансүх
Уушаан цэрэгт яваад
Үхсэн амьдын сураггүй
Өдий удаан боллоо хө.
Эх:
Доогуур сайвар, дээгүүр жороо
Долгин цавьдрыг бариад ирээрэй.
Долнуур янзын хээтэй эмээлийг
Зоон дунд нь тааруулаарай хө
Арал сайтай даачаа тэргийг
Аваад ирээрэй, хүүхдүүд ээ хө
Авдар болоод шүүгээгий нь
Арал дунд нь тааруулаарай.
Айлын хүүхэн Алгирмааг
Аваачаад төрхөмд нь тушаая хө.
Анхны өгсөн адуу малаа
Аваад ирвэл нэгэн тийшээ хө.
Хүрд сайтай даачаа тэргийг
Хөллөөд ирээрэй, хүүхдүүд ээ хө
Хөнжил болоод гудас юугий нь
Хөндөл дунд нь дэвсээрэй хө
Хүний хүүхэн Алгирмааг
Хүргээд гэрт нь тушааяа хө
Хүнс буян, хөрөнгө зоорио
Хураагаад ирвэл нэгэн тийшээ хө.
Алгирмаа:
Алд өндөр гоошоон хүжийг
Асааж байна Алгирмаа хө
Аав дээдсийн шүтээндээ
Даатгаж байна Алгирмаа хө
Аваачаад гэрт минь тушаахад
Гомдох учир юун билээ хө
Авааль нөхөр Алтансүхтэй
Амар мэнд уулзвал даа хө.
Үнэр сайтай гоошоон хүжийг
Асааж байна Алгирмаа хө
Эцэг дээдсийн шүтээндээ хө
Даатгаж байна Алгирмаа хө
Эргүүлээд гэрт минь хүргээд өгөхөд
Эргэлзэх учир юун билээ хө
Өөрийн нөхөр Алтансүхтэй
Өлзийтэй мэнд л уулзвал даа хө.
(Алтансүх цэргийн албаа хааж, хугацаа дуусаад ирлээ)
Алтансүх:
Үрээ хүлэг морь минь
Унаган дуугаар үүрсэнэ ээ хө
Ус л болоод бэлчээртэйгээ
Таньсан ч юм уу адгуусаа хө
Өтлөө болсон аав ээж минь
Эсэн мэнд суувуу даа хө?
Үр хүү Алтансүх чинь
Амар мэндийг асууна аа хө.
Өмнө хойны ах дүү нар минь
Ирээд ирээд уулзаж байна аа хө
Өөрийн эхнэр Алгирмаа минь
Үзэгдэхгүй байдаг нь юуных вэ хө?
Агтан хүлэг морь минь
Аяар аяар үүрсэнэ ээ хө
Амтат бэлчээр усыгаа
Мартаа ч үгүй юм уу даа хө
Агшраа болсон аав ээж минь
Амар тайван суув уу хө?
Ачир бага Алтансүх чинь
Амгаланг айлтгаад дэвшүүлнэ ээ хө
Ар өврийн ах дүү нар нь
Ирээд ирээд уулзана хө
Авааль эхнэр Алгирмаа минь
Үзэгдэх үгүй юү болоо вэ хө?
Эх:
Цагаан эрээн тахиа чинь дээ
Цагаас эртээ дуугарч байв аа хө
Цайны галаа асаагаа нь үгүй
Цаад наад айлаар нь тэнэж явлаа хө
Цал буурал ээжий аавыг нь
Цагийн цагт нь хүндлээгүй ээ хө
Цаглашгүй муугаар хэлээд байхаар нь
Аадалд нь аваачаад орхилоо доо хө.
Улаан эрээн тахиа чинь ээ
Улсаас эрт дуугарч байлаа хө
Усны галаа асаагаа нь үгүй
Урдах айлаар нь тойрох юм аа хө
Эмгэн буурал ээжий аавыг нь
Өдрийн өдөрт хүндлээгүй хө
Элдэв муугаар хэлээд байхаар нь
Өрхөд нь аваачаад орхисон доо хө.
Арши зандан хүж юугаа
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Аав ээжийн шүтээнийг чинь
Арын жалгаар тараав аа хө.
Үнэр сайтай гоошоон хүжийг
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Эцэг дээдийн шүтээнийг чинь
Өмнө жалгаар тараав аа хө
Алтансүх:
Аав ээжийн шүтээнийг
Шүтээ нь үгүй Алгирмаа хө
Аав болоод ээжийг минь
Хүндлээ нь үгүй Алгирмаа хө
Аваачаад гэрт нь тушаагаад хө
Адуу малаа ирсэн нь
Ай мөөмөө таны энэ ажил
Аятай болоод зүйтэй юм аа хө.
Эцэг дээдийн шүтээнийг
Тахиа нь үгүй Алгирмаа хө
Мөөмөө болоод аавд минь
Мөргөө нь үгүй Алгирмааг хө
Эргүүлж гэрт нь өгөөд
Эдлэл малаа аваад ирсэн нь хө
Ээжийн минь хийсэн энэ ажил
Эвтэй болоод зүйтэй юм аа хө.
Эх:
Аавын буян адуу мал
Арван зуугаар байна шүү дээ хө
Арав тавыг арилжиж худалдвал
Алт мөнгөөр дутахгүй хө
Алаг хоёр нүдний чинь
Аяс нь таараад ирвэл хө
Авгай нэгийг ахин олоход
Амаргүй гэж үү хүү минь ээ хө.
Эцгийн буян эдлэл мал
Есөн зуугаар байна шүү дээ хө
Ес гурвыг арилжиж худалдвал
Эдлэл мөнгөөр дутахгүй хө
Эрээн хоёр нүдний чинь
Эес нь таараад ирвэл хө
Эхнэр нэгийг ахин олоход
Энэхэн дурын хэрэг шүү дээ хө.
Алтансүх:
Аавын буян адуу мал
Арван зуугаар байна л даа хө
Арав таваар үрээд байвал
Ачрын алдарт ямар вэ хө?
Алаг хоёр нүдний аяс нь таараад
Авгай нэгийг аваад байтал
Анхны адил аваачаад өгчихвөл
Аавын алдарт ямар вэ хө?
Эцгийн буян эдлэл мал
Есөн зуугаар байна л даа хө
Ес гурваар нь үрээд байвал
Үрийн нэрд ямар вэ хө?
Эрээн хоёр нүдний эес нь таараад
Эхнэр нэгийг аваад байтал
Эртний адил аваачаад өгчихвөл
Эхийн алдарт ямар вэ хө?
(Ингээд Алтансүх Алгирмаагийн хойноос явахаар мордлоо)
Бусад хүмүүс:
Алхаа сайтай ардаг саарлаа
Эмээллээд мордлоо Алтансүх хө
Арван лангийн алтан эмээлийг
Ар л нуруунд нь тохлоо хө
Авааль эхнэр Алгирмаагаа
Аюулхай цээжиндээ бодоход нь ээ хө
Алхуулж явна уу, цогиулж явна уу
Анзаарахаа байв аа хө
Доогуур сайвар долгин саарлыг
Эмээллээд мордлоо Алтансүх хө.
Долоон лангийн хазаарыг нь
Дух толгойд нь тааруулна хө
Донровын охин Алгирмааг
Дотор цээжиндээ санахад нь ээ хө
Тогшиж явна уу, цогиж явна уу
Тоож ялгахаа байлаа хө.
Алгирмаагийн эх:
Амбан сияаны цэрэгт хүү минь
Амар сайн явав уу даа хө?
Атаат дайсан самууныг
Арилгаж ялаад ирэв үү дээ хө?
Авааль эхнэр Алгирмааг чинь
Ааваас чинь чөлөөтэй авчирсан юм сан хө
Аавын чинь өгсөн чөлөөнөөс
Арав хоног хождууллаа хө.
Уушаан цэрэгт явсан хүү минь
Өлзийтэй сайн явав уу да хө?
Өстөн дайсан самуунаа
Үнсэн товрог болгов уу даа хө?
Өөрийн эхнэр Алгирмааг
Ээжээс чинь чөлөөтэй авчирсан даа хө
Ээжийн чинь өгсөн чөлөөнөөс
Есөн өдөр хождууллаа хө.
Алгирмаа:
Авсан нөхөр Алтансүх минь
Амар сайн явав уу даа хө?
Алаг модтой гаансанд чинь
Асааж өгье, тамхийг чинь хө.
Аав болоод ээж хоёртоо
Андуу битгий бодоорой хө
Авааль хүүхэн Алгирмаагийн
Аюулыг хөнгөлж өгсөн юм аа хө.
Өөрийн нөхөр Алтансүх минь
Өлзийтэй сайн явав уу даа хө?
Өнгөт модтой гаансанд чинь
Асааж өгье тамхийг чинь
Ээжий болоод аавдаа
Эндүү битгий бодоорой
Үеэл хүүхэн Алгирмаагийн
Үйлийг хөнгөлж өгсөн юм аа хө.
(Алтансүх бүх учрыг мэдээд эх эцэгтээ эргэж ирж дуулсан нь)
Алаг эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Авааль хүүхэн Алгирмааг
Ачиртайгаа зүйрлүүлж бодсонгүй юу хө.
Хүрэн эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Хүний хүүхэн Алгирмааг
Хүүтэйгээ зүйрлүүлж бодсонгүй юу хө.
Сияан (县) - Хятадын засаг захиргааны нэгж, хошуу гэдэгтэй дүйнэ.
Арши - Арц гэдгийг өвөрлөгч зарим нутагт Арши гэдэг байна.
Гоошоон - Хятад хүж
Уушаан (五山) - Таван уул гэсэн утгатай үг, энэ нь Хятадын Шаньси муж дахь Утай орныг хэж байна. Мөн зэвсэгт цэрэг гэсэн утгатай хятад үг гэж тайлбарласан ч байна.
Даачаа - Бүхээг бүхий ачааны хөсөг
Мөн дэмбээний алгирмаадах гэсэн нэгэн хэлбэр байдгийг та бүхэн андахгүй биз ээ. ая дан нь удаан хэмнэлтэй байдгаас бүсгүйчүүд, эсвэл эрчүүд хүүхнүүдтэй алгирмаадах нь байдаг.
Морин хуурч, хөөмэйч
Энхжаргалын (Epi) Хоёр өнгө (Hoirr Öngö) [2002] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?uko3jhxuc3nyy5p
Уртын дууч АЖ Ш.Чимэдцэеэ. Алтан хөхийн оргил [2009] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?479xn9gqt7uv0g7
Алгирмаа
Алд алдын торгон хадгийг
Задалж сууна аа Алгирмаа хө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон доо
Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө
Жан жангийн торгон хадгийг
Задлан суунаа Алгирмаа хө
Заяаны нөхөр Алтансүхтэй
Жаргалын замыг холбосон доо хө
Угийн нөхөр Алтансүх
Уушаан цэрэгт яваад
Үхсэн амьдын сураггүй
Өдий удаан боллоо хө