Болбол уншаарай боломжгүй бол сайтаас нь уншаарай арай эвтэйхэн харагдана.
-Засгийн газрын ерөнхий чиг үүргийн томоохон яамыг та хариуцах боллоо. Салбартаа хамгийн түрүүнд ямар ажлыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хамгийн эхэнд гэж аль нэг шинэчлэлийг нэрлэж зооход хэцүү байна. Яагаад гэвэл энэ салбарт нэн тэргүүнд хүлээгдэж байгаа асуудлууд зөндөө бий. Үүнээс гадна олон нийтийн хүлээлт маш их байгаа.
Гэхдээ ямар ч байсан яамдынхаа салбар хариуцсан хүмүүстэй уулзаж ярилцлаа. Тодорхой газруудаар ч орлоо. Өчигдөр (өнгөрөгч даваа гариг) гэхэд цагдаагийн бүх удирдлагуудтай уулзлаа. Ингэхдээ төсөв, хууль шаардахгүй, тэдний өөрсдийнх нь санаачилга, зохион байгуулалтаар энэ намартаа багтааж хийх нэг ажил байгааг хэлсэн. Энэ бол цагдаа нарын иргэдтэй дээрэнгүй, зүй бусаар ёс суртахуунгүй харьцдаг байдлыг зогсоох ажил юм. Мэдээж хууль сахиулах үйл ажиллагаанд төвөг бэрхшээл тулгарна. Гэсэн ч иргэдтэй хүнлэг харьц. Гэхдээ энэ нь шаардлага битгий тавь, хууль ёсыг завхаруул гэсэн үг огтхон ч биш юм шүү гэдгийг хэлсэн. Тиймээс уг ажлыг мэргэжлийн ур чадварын өндөр түвшинд хэрхэн зохион байгуулах тухай төлөвлөгөөгөө ирэх даваа гаригт танилцуулах үүрэг өгсөн. Энэ ажлыг зохион байгуулснаар иргэдийн дунд "Манай цагдаа өөрчлөгдөж байна" гэх ойлголтыг мэдрүүлэх ёстой юм. Ингэж чадахгүй бол ажлаа өгөөд явж болно гэдэг асуудлыг тавьсан.
Энэ бол зөвхөн эхлэл.
-Тэгвэл дараагийн ажил нь...
-Намрын чуулган эхлэнгүүт хуулийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой есөн хуулийн төслийг эхний ээлжинд өргөн барихаар бэлтгэж байна. Үүнд Шүүхийн үйл ажиллагааны тухай, Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиуд багтаж байна. Мэдээж, ажлаа сайн хий гэж цагдаагийн албан хаагчдадаа хэлэхийн зэрэгцээ тэднийхээ эрх зүйн байдлыг сайжруулах ёстой. Тиймээс Цагдаагийн албан хаагчийн тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөөд байгаа юм.
Түүнчлэн яамны шинэтгэлийн хүрээнд таван зүйлийг заавал дурдах ёстой. Нэгдүгээрт, бид хууль сахиулах үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Хууль бодитоор хэрэгжинэ гэсэн үг. Ингэхийн тулд хууль сахиулах бүх байгууллагуудын үйл ажиллагааг стандартчилна. Цагдаа гудамжинд иргэнийг зогсоогоод бичиг баримтыг нь шалгахдаа хүртэл стандарттай болно. Энэ стандарт нь хуулиар тодорхойлогдоно.
-Хуулийн тухай хууль батлах тухай мэдээлэл байсан. Ямар учиртай юм бэ?
-Энэ бол салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэх гурав дахь асуудал юм. Өнөөдөр бид хууль зүйн бодлогоо цэгцлэх цаг болжээ. Хэн дуртай нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг, бичдэг байдлаа зогсооё. Ингэхийн тулд Хуулийн тухай хуулийг гаргана. Уг хуульд хуулийг тодорхой хэмжээнд нэг стандартаар бичдэг байх, хуулиудыг зорилгоор нь хэн хэн санаачлах вэ гэдгийг нь тодорхой заах юм. Хэдийгээр Үндсэн хуулинд хууль санаачлах эрх гурван субъектэд байгаа ч гэсэн зарим тохиолдолд хязгаарлалт тавих ёстой гэсэн санаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийг татвартай холбоотой хууль санаачлахыг нь хоригломоор байна. Тэгэхгүй бол ард түмний мөнгийг манах ёстой хүмүүс маань УИХ-ын гишүүн болчихоороо татварыг ийм байдлаар нэмье, тойрогтоо төдий хэмжээний мөнгийг татмаар байна гэх мэтээр зулгаадаг болчихсон. Энэ байдлаас болоод татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн заргийг хязгаарлан төсвийн сахилга бат гэдэг зүйл алга болчихоод байгаа юм шүү дээ.
Гурав дахь нь, бид төрийн албыг нийтийн алба болгоно гээд хэлчихсэн. Төрийн албыг хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчилгүйгээр иргэндээ хүрч үйлчилдэг, нээлттэй, шударга байлгах чиглэлээр томоохон шинэтгэлийг хийх цаг болжээ. Тийм учраас нийтийн захиргааны үйл ажиллагааг зохицуулдаг процессын ерөнхий хуулийг гаргаж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бүх албан хаагчийн үйл ажиллагааг тодорхой стандартад оруулахаар төлөвлөөд байна. Иргэн орж ирээд хэн нэгэн даргыг царайчлахгүйгээр, энэ албан хаагч надад ингэж үйлчлэх хуультай, ингэж үйлчлэхгүй бол би ийм шаардлага тавина, шаардлага биелүүлэхгүй бол асуудлыг зохих газарт тавьж, хариуцлага тооцуулна гэдгээ мэддэг болно. Төрийн албан хаагчийн ажилд иргэд сайн, муу ямар нэгэн байдлаар үнэлгээ өгснөөр түүний ажлын байрны тогтвортой байдал, цалин хангамж шийдэгддэг болно. Ингэснээр мэргэшсэн төрийн үйлчилгээ бий болохоос гадна, хариуцлагын тогтолцоо бүрдэнэ.
-Тэгвэл дөрөв дэх шинэчлэл нь юу байх вэ?
-Мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог дэмжих бодлогоор хэрэгжүүлэхгүй бол болохгүй нь. Өнөөдөр нийгэмд хамгийн хариуцлагагүй хүмүүс хэн бэ гээд харахаар хуульчид өөрсдөө болчихсон байна. Шүүх хуралдаандаа ирээгүйн улмаас иргэд хохирдог, эсвэл шүүхээр зөвхөн мөнгөтэй, танил талтай хүн асуудлаа шийдүүлдэг гэх ойлголт бий болчихжээ. Энэ нь эцсийн дүндээ хуульч гэдэг мэргэжилтнүүд хэр зэрэг шударга, хариуцлагатай байна, олон нийтэд ямар хэмжээнд үнэлэгдэж байна вэ гэдэг асуудал юм. Тиймээс бид үүнийг бодлогын хэмжээнд шийдэхээс өөр аргагүй болж байна.
Шийдэх ёстой сүүлчийн асуудал бол бид бусад яамдын бодлогод хүссэн хүсээгүй ч оролцоно. Сая Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Эдийн засгийн гэсэн хоёр яам шинээр байгуулагдсан. Энэ яамд ерөнхий бодлого буюу эдийн засгаа яаж эрүүл болгох, санхүүгийн тогтолцоо ямар байх, иргэдээ баялаг бүтээхэд аль талын туслалцаа үзүүлэх вэ гэх мэт асуудлаа төлөвлөнө. Харин манай яам энэ бүгдэд саад болоод байгаа авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд сурталтай хэрхэн тэмцэх, зохион байгуулалттай гэмт хэргүүдийг мөрдөн шалгах талаар ямар арга хэмжээ авах вэ гэдгээ төлөвлөх юм. Тиймээс ч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албыг үүсгэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн цагдаагийн бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, хэрэг шалгадаг тогтолцоогоо сайжруулах, нотолдог онол аргазүйгээ өөрчлөх зэрэг маш олон ажлыг хийнэ. Тэгэхгүй бол авлигачдыг хармааны хулгайчдыг ялладаг аргаар яллаж чадахгүй нь тодорхой шүү дээ.
-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн тухай багц хуулийг түрүүчийн УИХ баталсан. Гэвч хэрэгжих хугацааг нь хоёр жилийн дараа байхаар тусгасан. Энэ нь тухайн үед салбарын сайд нь өөр намын бодлоготой байсантай холбоотой юу?
-Эдгээр хуулийн хэд хэдэн зүйлийг дахин янзлах ёстой. Өмнө нь салбарын удирдлагын улс төрийн үзэл бодол, намын харьяалал, шинэтгэлийг харж байгаа хараанаасаа шалтгаалаад таарч тохирохгүй зүйлүүд байсан. Тиймээс ч анхны төсөл хэрэгжих хугацаа гэх мэт нэлээд өөрчлөлт орж байж батлагдсан.
Харин одоо нэгэнт Засгийн газарт шүүх эрх мэдлийг шинэчлэх улс төрийн хүсэл эрмэлзлэл бий болчихлоо. Ингэж Засгийн газар тэр дундаа Хууль зүйн яам АН-ын мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болсон учир Ерөнхийлөгчөөс санаачилсан шүүх эрх мэдлийн шинэтгэлүүдийг Засгийн газар өөр дээрээ авна. Ингэхдээ багц хуулиудад тухайн үед гээгдсэн санаануудыг нэмж оруулан, хэрэгжих хугацааг нааш нь татна. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг сайжруулах, хэрэгжилтийг хангах, үр дүнг нь үнэлэх, цаасан дээр байгаа хуулийн хэрэгжилтийг харуулах нь Хууль зүйн яамны дийлэнх ажил болон хувирч байна.
-Одоо тэгэхээр Шүүхийн тухай багц хууль бараг маргаашнаас эхлээд хэрэгжиж эхэлнэ гэсэн үг үү?
-Өнөөдөр ажлаа дөнгөж аваад бүтэц зохион байгуулалтын асуудлаа ярьж байна. Нөгөө талаас төсөвт зардал нь суугаагүй гэх мэт шалтгаанаас үүдэн яг маргаашнаас эхлэн хэрэгжиж эхэлнэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ бид хууль эрхзүйн орчноо сайжруулж, ядаж 2013 оны нэгдүгээр сараас хэрэгжих боломжуудыг нээх ёстой. Ингэж байж шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл тодорхой хэмжээнд эхлэлээ тавина. Тухайлбал, сая тохиолдсон, өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал тасалддаг байдал алга болно. Гэтэл энэ хуулийг 2014 он гээд хойш нь татчихаар тэр болтол нэг ч шүүх хурал хийхгүй байх боломж бий болж байгаа юм. Тиймээс үүнийг хэрхэн ойртуулж болох вэ, аль хэсгийг 2013 оноос, алиныг нь 2014 оноос хэрэгжүүлэх вэ гэх мэт зааг ялгааг нь зөв гаргаад цаашид хэрэгжүүлэх тухай ярьж байгаа юм.
-Шинэчлэлийг хийхдээ хуулийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд тодорхой өөрчлөлтүүдийг хийх үү?
-Шинэ орчин, шинэтгэлийг эрмэлзэж, зөв хандлага руу бусдыг манлайлж байгаа хүмүүсийг дээш нь татаж, олон нийтэд харуулна. Өөрөөр хэлбэл, уг зөв манлайллаар бүтэц өөрчлөгдөнө. Тэгэхгүйгээр буруу манлайлал буюу авлига авдаг, эрх мэдлээ ашигладаг, дотоод зохион байгуулалтыг хийхдээ бүдүүлэг ааш авир гаргадаг гэх мэт буруу хүмүүс байсаар байвал араас нь гарч байгаа хүмүүс яг тийм байдалтай болж системээрээ буруу хандлагатай болно. Тэгэхээр буруу манлайлалтай хүмүүстэй хариуцлага тооцно, зөв манлайлж байгаа хүмүүсийг дээш нь гаргах зарчмыг баримтална. Цагдаа, хилийн цэрэг гэх мэт олон байгууллага байна. Болж өгвөл гаднаас хэн нэгэн шинэ хүн авалгүйгээр шинэчлэлийн асуудлыг шийднэ.
-Сүүлийн үед зохион байгуулалттай гэмт хэрэг олноор гарах болсон. Тиймээс үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Бид далд зохион байгуулалтад байгаа хэргийг илрүүлэх талаар анхаарч ажиллах ёстой. Тиймээс ч Мөрдөх албаны тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна. Хууль батлагдсанаар Монголд анх удаа зохион байгуулалттай, далд үйлдэгддэг, улс дамнасан гэмт хэргийг мөрддөг шинэ алба үүсэх юм. Ингэхдээ шинжлэх ухааны шинэ техник технологи, шинэ аргачлалыг ашигладаг нэлээд хүчирхэг алба байх юм. Цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц нь иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хулгай, дээрэм гэх мэт хэргүүдийг л мөрдөхөд зориулагдсан зохион байгуулалттай. Гэтэл өнөөдөр шинэ төрлийн гэмт хэргүүд нь далд байдалд өндөр эрх мэдлийн хүрээнд, маш их хэмжээний мөнгө эргэлдүүлж, хил хязгааргүйгээр тэлж байна. Хулгай, дээрэм зэргийг гарсных нь дараа мөрдөж илрүүлдэг. Харин далд үйлдэгддэг хэргүүдийн хувьд урьдчилан сэргийлэх хэрэгтэй болдог. Энэ мэт маш онцлогтой учир бид шинэ арга барил, шинэ түвшин, шинэ эрхзүйн бодлогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээс өөр аргагүй болж байна.
-Энэ алба нь цагдаагийн байгууллагын харьяанд байх уу?
-Энэ бол цагдаагийн харьяа байгууллага биш. Одоо цагдаагийн харьяа гэдгийг өөр байдлаас харах хэрэгтэй болж байна. Цагдаа гэдгийг чиг үүргийнх нь хувьд хоёр хувааж байгаа. Хэв журам сахиулах, өргөдөл гомдлоос үүдэлтэй мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах ажлыг цагдаагийн байгууллага хариуцна. Харин мөрдөх алба нь Хууль зүйн яамны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэлбэрээр ажиллах юм.
-Энэ алба С.Зоригийн хэрэг гэх мэт удаан хугацаанд илрээгүй хэргүүд дээр ажиллана гэсэн үг үү?
-Тэгнэ.
-Улс дамнасан нууц хэргүүдийг мөрдөх болохоор өндөр хүчин чадал бүхий лаборатори, өндөр чадвар бүхий мэргэжилтнүүд хэрэгтэй. Энэ нь салбарын хэмжээнд нэлээд их хэмжээний хөрөнгө шаардлагатай болно гэсэн үг үү?
-Бид өнгөрсөн 20 жил шударга ёс, аюулгүйн тогтолцоо, иргэдийн эрх чөлөөг хамгаалдаг систем рүү огт хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин юунд хөрөнгө оруулалт хийсэн бол. Эргээд харъя л даа, ямаа руу, төрийн албан хаагчийн тансаглал, шаардлагатай, шаардлагагүй төрийн бүтэц, халамжийн маш үрэлгэн тогтолцоо руу хэтэрхий их мөнгө хаясан. Уг нь бидэнд мөнгө байсан уу гэвэл байсан. Ялангуяа сүүлийн 10 жилд. Гэтэл хуулийн байгууллагыг хар л даа. Байшин сав, ажиллаж байгаа хүмүүс, тэдний хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг нь хар л даа. Ямар өрөвдөлтэй байна вэ. Үүнээс бид Монгол улсын аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөө, хөгжил дэвшил, шударга ёсны тулгуур болсон салбартаа урт хугацаанд хөрөнгө оруулалт хийгээгүй гэдэг нь харагдаж байна.
Зөвхөн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн ашиг хонжоо олж, дахин эрх мэдэл олж авах зүйлдээ л хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь элс рүү улс хийсэн мэт алга болсон. Тиймээс бид энэ удаа эр зориг гаргах ёстой. Төсвийнхөө тодорхой хэмжээний мөнгийг хууль сахиулах байгууллагын том шинэтгэл рүү хийх ёстой байна.
-Мөрдөх алба хэзээ байгуулагдах вэ?
-Хуулиа намрын чуулган эхлэнгүүт өргөн барина. Улмаар УИХ-аар баталсаны дараа хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахтай холбоотой зохион байгуулалтын ажлуудыг хийнэ. Ер нь 2013 оны зургадугаар сард байгуулагдчих болов уу. Үүний дараа чадавхижуулах гэх мэт олон асуудлыг шийдээд ирэхээр хэвийн үйл ажиллагаа нь 2014 оноос жигдрэх байх гэсэн төсөөлөлтэй байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардсан хөдөлгөөнийг тус намын гишүүд байгууллаа. Ер нь уг хэргийн талаар салбарын сайд та ямар бодолтой байгаа вэ?
-Би гурван зарчмыг тууштай баримтална. Энэ Засгийн газар авлигатай хатуу тэмцэнэ. Тийм учраас авлигын хэргээр шалгагдаж байгаа эсвэл энэ хэргээр шүүхэд асуудлаа шийдүүлж байгаа хүмүүсийн хувьд Хууль зүйн сайдын хувьд ямар ч өмгөөлсөн, хамгаалсан үг хэлэхгүй. Хууль тогтоомжид хэрхэн заасан түүгээрээ л шийдэгдэх ёстой. Бид шударга ёсыг тогтооё гэж байгаа бол хуулиа дээдлэх ёстой. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлж сурах ёстой. Хэрэв шүүх, хуулийн байгууллага үнэхээр асуудалтай, шүүн таслах үйл ажиллагаа бэрхшээлтэй байгаад энэ нь шударга гэж хэлэхэд хүндрэлтэй байвал үүнийг харин хуулиа шинэчлэх замаар шийдэх учиртай. Гэхдээ хуулийн шинэтгэл нэг хүнд зориулагдахгүй. Хуулийн шинэтгэл нь нийтлэг эрх ашигт зориулагддаг байх ёстой.
Манай шүүх, хууль, цагдаагийн байгууллага хүний эрхийг хөнддөг асуудал бий. Үүнийг нуухгүй. Засах ёстой. Гэхдээ хүний эрх нэрийн дор хуулийн хариуцлагаас мултарч болохгүй. Тиймээс үүнд балансаа барих ёстой юм.
Иймд Н.Энхбаяр гэдэг хүний хувьд улс төрийн арга хэрэгслээс илүүтэйгээр хууль шүүхийн хүрээнд асуудлаа шийдэх ёстой.
-Та долдугаар сарын 1-ний гэх хэргийн талаар эхнээс нь ярьж, хөөцөлдөж байсан. Тодорхой хэмжээний нотлох баримтууд танд бий гэдэг. Тиймээс үүнийг үндэслэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг эхлүүлэх үү?
-Мэдээж, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудлыг цэгцлээд ирэхээр дотоод хяналт, шалгалт болон дахин ийм алдаа гаргахгүй байх талаар олон асуудал шийдэгдэнэ. Ер нь бол би долдугаар сарын 1-ний гэх хэргийн араас явахдаа хэн нэгнийг буруутгахаас илүүтэйгээр дахин ийм хэрэг гаргахгүйн тулд ямар шинэчлэл хийх ёстой вэ гэдгийг байнга сануулж байсан. Үүнийгээ үргэлжлүүлэн хийнэ.
Хариуцлага тооцохын тухайд тухайн үед байсан албан тушаалтнуудтай асуудлыг ярина. Гэвч энэ нь заавал шоронд суулгана гэсэн үг биш. Гэхдээ ямар ч байсан "Уучлаарай та цагдаагийн байгууллагаас холдсон нь дээр" гэдэг зарчмаа мөрдүүлнэ.
Т.ГЭРЭЛМАА
Код: Бүгдийг сонгох
http://www.medee.mn/main.php?eid=19559










