СОЛОНГОС УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА
Монгол, Солонгосын найрамдалт харилцаа, боловсролын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын "XXI зуун Солонгос судлалын сан" нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран "C.H.CHO" нэрэмжит тэтгэлгээр суралцах 8 хүнийг (4 бакалаврын оюутан, 4 магистрант) дараах болзлоор сонгон шалгаруулна.
1. Элсүүлэх мэргэжил: Байгалийн ухаан, нийгмийн ухаан, инженер гэх мэт мэргэжлээр (боловсрол, анагаах ухаан, хэл, соёл урлагийн чиглэлээр элсэлт авахгүй).
2. Шалгуулагчдад тавигдах шаардлага: Сонгон шалгаруултад орох хүмүүс нь англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар оюун ухааны хувьд эрүүл байх бөгөөд бакалаврын оюутан нь их, дээд сургууль, коллежийн 2 дугаар ангид амжилттай сурч байгаа (голч дүн 3-аас дээш) 22-оос доош насны, магистрант нь их, дээд сургуулийн бакалаврийн анги төгссөн буюу энэ 2007 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3-аас дээш) 25-аас доош насны Монгол улсын иргэд байна.
3. Бүртгэл: 2006 оны 6 сарын 11-12-ны өдрүүдийн 9.30-17.30 цагын хооронд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хичээлийн 3 дугаар байрны 1 дүгээр давхарт явагдана.
4. Бүртгүүлэхдээ өгөх материал:
Оюутан: 1. Анкет (анкетыг бүртгэх явцад олгоно);
2. Сургуулийн тодорхойлолт;
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолт;
5. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6. 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг;
7. Хураамж 3000 төгрөг.
Магистрант: 1. Анкет (анкетыг бүртгэх явцад олгоно);
2. Суралцаж буй сургуулийн профессорын эсвэл ажлын газрын тодорхойлолт;
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6. 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг;
7. Хураамж 3000 төгрөг.
5. Сонгон шалгаруулалт:
Бичгийн шалгалт: Математик, англи хэлний шалгалтыг тест хэлбэрээр авна
Хугацаа: 2007 оны 6 сарын 25-ны өдрийн 9.00 цаг
Байр: МУИС, хичээлийн 2-р байрны өргөтгөлийн 2 давхарын уншлагын танхим
Ярилцлага:
Хугацаа: 2007 оны 6 сарын 27-ны өдрийн 13.00 цаг
Байр: Чингис зочид буудлын 3 давхар
Эхний шатны бичгийн хоёр шалгалтанд хамгийн өндөр оноо авсан 24 хүн (12 бакалаврын оюутан, 12 магистрант)-ийг сонгож, дараагийн шатны шалгалт болох ярилцлагад оруулна. Ярилцлагад орох хүмүүсийн нэрсийг 2007 оны 6 сарын 26-ны өдрийн 17.00 цагаас Чингис зочид буудлын 3 давхарт байрлах "KOREAN AIR"-ын Монгол дахь салбарын үүдэн дээр зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтанд оруулахгүй.
6. Хэлний бэлтгэл сургалт: Сонгон шалгаруулалтад тэнцсэн 8 хүнийг 2007 оны 7 сарын 1-нээс 2008 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Монгол улс дахь Улаанбаатар дээд сургууль дээр солонгос хэлний бэлтгэл сургалтад хамруулна. Сургалтын төлбөрийг "XXI зуун Солонгос судлалын сан" хариуцна. Бэлтгэл сургалтад хамрагдсан хүмүүс нь 2008 оны 1 сард солонгос хэлний түвшин тогтоох "KLPT" шалгалт өгнө. Энэ шалгалтад 305 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс нь 2008 оны 3 сард Солонгос улсад суралцахаар явна.
7. Тэтгэлгийн хэмжээ: Солонгост суралцах оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг "XXI зуун Солонгос судлалын сан" хариуцаж, оюутны байраар хангах ба сар бүр амьжиргааны тэтгэлэг (500 ам.доллар) олгоно.
8. Суралцагчдын үүрэг: Суралцагчид нь "XXI зуун Солонгос судлалын сан" болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны журмыг чандлан сахиж, хууль дүрмийг ёсчлон биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Энэ зарлалыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны веб хуудас (
http://mecs.pmis.gov.mn/)-ын "мэдээлэл" гэсэн хэсгийн "гадаадад суралцахыг хүсэгчдэд" зориулсан булангаас уншиж болно.