
Орчин цагийн урлагийн төрлүүдээс киног хамгийн утга төгөлдөр, төгс урлаг гэж үздэг Америкийн найруулагч Элияс Мериж (1964-) энэ киног найруулжээ.
Олонд “Цус сорогчийн сүүдэр” (2000) бүтээлээрээ танил болсон тэрээр 19 настайдаа автомашины осолд орж, “үхээд” сэхсэнийхээ дараа хүний айдас, өвчин, шаналлын тухай кино бүтээхийг зорьсон нь “Begotten” буюу төрмөл, төрсөн нь гэж орчуулж болох нэртэй уг кино юм. Үг яриа, хөгжимгүй, хар цагаан энэ кино Мерижийн бүтээхийг хүссэн аймшгийн гурвалынх нь эхнийх. Гэвч Мериж гурамсан бүтээлээ үргэлжлүүлэх хөрөнгө мөнгөгүй байсаар өнөөг хүрчээ. “Begotten” үргэлжлэх эсэх нь өнөө ч тодорхойгүй байна. Гэхдээ, ийм бүтээлд үргэлжлэл, өгүүлэмж, тайлбарын магадгүй аль нь ч хэрэггүй биз.
Загалмайтны шашны билэгдлээр дүүрэн ч уг киноны урлагийн нарийн уртай “хүчирхийлэл”, нууцлаг хүч, төсөөллийн шид нь тодорхой шашин шүтлэгтэй бүлэг хүмүүст гэхээсээ мэдрэмжийг бүхнээс илүүд эрхэмлэдэг хүн бүрт зориулагдсан. Нэрт Сюзан Сонтагийн тунхагласнаар “Begotten” орчин цагийн дэлгэцийн урлагийн хамгийн онцгой, чухаг 10 бүтээлийн нэг юм.
Амиа егүүтгэгч Бурхан, шаналант Эх дэлхий, ясан голт махан бодь хэмээгдэгч Дэлхийн хүү гэсэн гурван дүртэй энэ бүтээл өмнө нь мэдээгүй, хожим ч мэдрэгдэхээргүй хүний анхдагч адгуусан шаналлыг, амьдралыг өөрөөр харах сэдлийг үзэгчдэд төрүүлнэ.























