ЧИНГИС ХААН 1155 ОНД ТӨРСӨН

Тvvх
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

ЧИНГИС ХААН 1155 ОНД ТӨРСӨН

Бичлэг Бичсэн Mfbfj »

---------------ЧИНГИС ХААН 1155 ОНД ТӨРСӨН -----------------

Чингис хааны мэндэлсэн оныг тогтоох талаар олон эрдэмтэд оюунаа чилээсэн байдаг бөгөөд үндсэндээ 1162 оны хар морин жил, 1155 оны гахай жил төрсөн гэх хоёр санал ихэд дэлгэрчээ. Манайд бол уламжилал ёсоор “Монгол эх сурвалжуудаа” гол болгон 1162 он гэх үзлийг баримталсан эрдэмтэдийнхээ “олонхийн саналыг ” үндэслэн Чингис хааныхаа төрсөн жил, сар , өдрийг “хуульчилан тогтоож” жил бүрийн 11-р сарын 14 нд бүх нийтээр амарч байх ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Үнэндээ бол Чингис хааны төрсөн сар өдрийг битгий хэл жилийг нь ч үнэмшилтэй тогтоож чадаагүй байгаа ч хамгийн хуудуутай байж мэдэх жилийг сонгон хуульчилаад байгаа нь харамсалтай.
Монгол улсад Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг анх 1962 оны тавдугаар сарын 31-нд нилээд хэл амтайгаар тэмдэглэсэн байдаг. Ингэж яаран тэмдэглэх болсон шалтгаан нь мөн жил БНХАУ-д Чингис хааны мэндэлсэний ойг тэмдэглэх гэж бэлдэж байсан нь нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл тухайн жил нь үнэхээр Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ой мөн эсэх нь төдий л хамаагүй болж гол нь БНХАУ--аас хоцрохгүй байх улс төрийн шалтгаан БНХАУ-ыг дагаж дуурайх үндэс болжээ.

Монгол улсад 2012 онд Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг мөн л " мөн -биш" гэсэн хэл амын дунд тэмдэглэв. Энэ бол Чингис хааны мэндэлсэн жилийг 1162 оноор тооцсон хэрэг юм.
Ингэж Чингис хааны 1162 оны хар морин жил төрсөн гэж тооцох болсон үндэслэл нь МНТ-дахь Тэмүүжинг эцгээсээ 9 настай өнчин хоцорсон болон 1227 оны улаагчин гахай жил нас барсан болон 17-р зууны үед Лувсанданзангийн зохиосон "Алтан товч"-д байх ..." Ононы дэлүүн болдога дор бүхүй дор хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдөрийн өдөр дүл цаг т Чингис хаан төрөв"... гэх мэдээ ба Юань улсын судар дахь ..."Тайзу хорин хоёр оны улаагчин гахай жил ( 1227 )......намарын долдугаар сарын хар морин өдөр бие чилээрхэв. Шаргачин үхэр өдөр Саарь хээрийн харилт аяны ордоноо тэнгэрт хальж, нас сүүдэр жаран зургаа бөлгөө"... гэх мэдээнүүдээс үндэслэсэн бололтой байдаг.
Үүнд түлхэц болхуйц гол судалгааг ч БНХАУ-ын эрдэмтэн Жөү Чин Шу 1962 онд хийжээ. Түүний судалгаа нь ихэнхдээ Хятадын эх сурвалжуудын мэдээ баримтыг нягталж үзэлгүйгээр үнэн хэмээн шууд тооцож авсан байдаг ба түүхэн үйл явдлуудад анализ хийж дүгнэлт гаргаагүй томоохон дутагдалтай болно.
Жнь:-------Юань улсын судар, 1262 онд Ван Э--ийн бичсэн "Магадтэмдэглэл", Доу Зүн И-ийн "тариалхыг зогсоосон тэмдэглэл" гэх мэт сурвалжуудаас Чингис хааныг 1162 онд төрсөн гэх баримтуудыг хичээнгүйлэн "цуглуулжээ" .
Харин Монгол эх сурвалжууд нь бүгд хожимын буюу дундад зууны үеийн Монголын түүх-уран зохиолын дурсгалууд болох "Алтан Товч", "Эрдэнийн товч", "Шар тууж", "Гангийн урсгал", "Болор эрхи" , “ Хөх судар” зэрэг болно. Эдгээр нь бүгд МНТ--аас болон бие биеээс дам хуулсан байдаг тул үнэ цэнэ багатай итгүүштэй эх сурвалжид тооцогдохгүй юм.

Тэр ч байтугай хоорондоо төдийгүй дотроо зөрчилтэй нь дийлэнх. Жнь:---------бөртэ Тэмүүжингээс нэг нас эгч 1161 онд төржээ гэвэл Саган Сэцэний “Эрдэнийн товч“ --д ...”Тэмүүжин 17 настай Ү нохой жил, Бөртэ үжин бин нохой жилтэй 13 настайг авсан ажгуу”...гэжээ. Үүгээр бол Тэмүүжинг сүй тальбихад Бөртэ 10 бус 5 настай байсан болж таарч байна гэх мэт. [ Академич Д. Цэрэнсодном ]
Мөн Инжиннаши “Хөх сударт” --таа Чингис хааныг 1162 онд төрсөн гэж бичсэн атлаа хэдхэн хуудасны дараа ...” Тайзу 13 насанд нэг зэрэг цэргээ байцаан Өгэлүн эх мөн дагаж тэтгэж урвагсадыг нэг удаа дийлсэнээр Бида улс сая баахан тогтов”... гэжээ. Энэ бол Чингис хаан 13 насандаа өнчин хоцорсоныг хэлж байх ба РАД—ныхтай адил болно. Үүгээр бол Тэмүүжин 1155 онд төрсөн болж зохиогч дотоод зөрчилд оржээ.[ мөн тэнд ]
Энэ мэтээр Чингис хааны мэндэлсэн оныг нарийвчилан тогтоох талаар гадаад дотоодын ахмад эрдэмтэдийн хийсэн судалгаа шинжилгээний арга барилыг ажиглавал ерөөс өмнөх эх сурвалжуудад Чингис хааныг хэдэн онд мэндэлсэн тухай баримт мэдээллийг нэг бүрчилэн шүүн бүртгэх байдлаар хийгджээ.
Ингэж судлаад зүй ёсоор мухардалд орох нь тодорхой бөгөөд учир нь сурвалжуудад Чингис ханы мэндэлсэн оныг өөр өөрөөр бичсэн байдаг тул чухам аль он нь итгүүштэй болохыг тогтоох найдвартай арга , шалгуургүй цагт маргаан тасрахгүй бөлгөө.

Мөхөс миний үзэхээр Чингис хааны ахмад хөбүүн Зүчи, отгон хүү Тулуй , ач хүү Мөнх хаан нарт холбогдох зарим тоон баримтыг нягтлан үзвээс Чингис хаан хаан 1162 төрсөн байж таарахгүй байна.

Алива хүний төрсөн жилийг барагцаалах хамгийн найдвартай арга бол тухайн хүний том хүүхэд хийгээд бага хүүхэдтэй нь холбогдох баримт сэлтийг шинжэлж үзэх арга юм. Иймд Чингис хааны ууган хүү Зүчи, отгон хүү Тулуй нарт холбогдох зарим баримтыг сонирхож үзэе.

Ингэж судлахдаа Чингис хааныг 1155 төрсөн гэж үздэг РАД-ын СЧ--ыг аль болох баримт болгохыг зорьсонгүй. Харин МНТ--ын болон дээр дурдсан Чингис хааныг 1162 онд төрсөн гэж бичсэн байдаг "Алтан товч", " Шар тууж" зэрэг хожимын эх сурвалжуудын өөрийнх нь баримтыг голчилон ашиглаж Чингис хаан 1162 төрсөн байх боломжгүйг харуулахыг зорив.

1. МНТ-ын 153-р зүйлд ..."Тэр өвөл өвөлжиж “ НОХОЙ ЖИЛ” намар нь Чингис хаан Цагаан татар, Алчи Татар, Тутагут татар, Алхуй татар, Тэтэ татаруудтай далан нөмрөгт байлдаж”...гээд ...
”Эрт өдрөөс Татар иргэн
Эцэг өвгөдийг барсан бүлгээ.
Өвгөд эцгийн
Өшил өшиж
Хясал хясаж
Цүүнд үлиж

Хядаж алж өгөе”...
хэмээн Чингис хаан урагаараа нэгэн гэрт орж эелэлдэн тогтож улмаар хяджээ.

МНТ—ын 214-р зүйлд Татарын Харгил Шар гэгч уг хядлагаас зугтан гарч Чингис хааны хүрээнд сэм нэвтэрч ...” 5 настай Тулуйг сугандаа хавчин гарч одож”...гэдэг бүлгээ.
Уг үйл явдлын дараагаар буюу “1203 оны орчим” Хэрэйдийг сөнөөж ...” Ван ханы дүү Жаха Хамбу хоёр охинтой ажгуу. Эгчимэд Ибаха бэхийг Чингис хаан өөрөө авч дүүмэд Сорхагтани бэхийг Толуйд өгөв” ... гэдэг. [ МНТ 186]
Энэ хэрэг Тулуйг 5 насандаа оргодол Татарын гарт алуулангаа алдсаны хойтох жилийн явдал билээ. Үүгээр бол Тулуйг 11 настай байхад ууган хүү Мөнх хаан төрсөн болж байна. Учир нь Мөнх хаан 1208 онд төрсөн нь баримттай юм .
Иймд МНТ-ын энэ хэсэг итгүүштэй биш байх тул Тулуйн 5 настай байсан гэх оныг урагшлуулж тооцох хэрэгтэй болох ба үүгээр уг нохой жил гэдэг нь 1202 он бус 1190 он байгууштай болно.

Ингээд 1190 онд Тулуй 5 настай байсан гэж үзвэл 1185 онд "төрсөн " бололтой байх нь зүй. Эндээс отгон хүү Тулуйн төрсөн жилийг олоод ах нар болох Өгөөдэй,Цагаадай, Зүч нарын төрсөн жилийг хөөн бодвоос Чингис хаан 1162 онд бус 1155 онд төрсөн болох нь илхэн болно.
Жнь: Дээрх МНТ—ын 214-р зүйлд Хэрэйдтэй Хар халзан элстэйд хатгалдахуйд Өгөөдэйн сужаа махаар нь сум тусаж мориноос унахад Борхул аварсан тухай гардаг.
Энэ бол Тулуйг "5 настай байхад" бага ах Өгөөдэй эрийн цээнд хүрч дайн тулаанд оролцож явсаныг хэлж байна.
Үгүй бол уг үйл явдал Тулуйг 5 настай байхад "нохой жил " болсон гэдгийг МНТ--ын зохиогчийн алдаа гэж үзэх хэрэгтэй болно.

Тулуйг 5 настай байхад түүний амь насанд эрсдэлтэй ямар нэг үйл явдал болсон нь гарцаагүй үнэн болох нь уг үйл явдалын талаар МНТ-д хоёр ч удаа дурдагддагаас харагдах төдийгүй Судрын чуулганд ч адил утгаар гэхдээ ялимгүй өөрөөр ,Тайчуудыг дайлж байх үед 12 настай Шихихутуг 5 настай Тулуйг аварсанаас үнэмшиж болох юм.

МНТ-ын дээрх "нохой жил" гэдгийг 1202 он гэж тогтоосон нь үнэмшилтэй болох нь Судрын чуулганы ..." 598 оны жумад сарын эхтэй таацах нохой жил ...энэ онд Чингис хаан Анчи татар, Цагаан татарт морилвой. Тэрбээр байлдаан дуустал олзонд үл шунах зарлиг буулгасан ажгуу"...гэдгээр давхар батлагдах ажээ.
Иймд МНТ--ын зохиогч хоёр өөр үйл явдлыг уг "нохой жилд" болсон мэтээр бичсэн болох нь илхэн байна.
Өөрөөр хэлбэл Алчи Татар, Цагаан Татар нарыг Алтан, Хучир, Даридай нарын хамт дайлсан нь дээрх "нохой жил"-1202 он болох нь үнэмшилтэй ажээ. Харин Тулуйг 5 настай бүхүйд Татар нарыг хядсан гэх үйл явдал үүнээс арай өмнө болсон байх ёстой гэх дүгнэлт дээрхээс урган гарч ирнэ.[ Тулуйг 11 настай эцэг болоогүй гэж үзхийн тулд ]
Тулуйд холбогдох дээрх зөрчилөөс зайлахын тулд албан ёсны түүхэнд Тулуйг 1192 онд төрсөн гэж үздэг нь [ могой жил] 1197 онд Чингис хаан Алтан улсын Вангин чинсаны хүсэлтээр Татарын Мэгүүжин сүүлтийг сөнөөсөн явдалтай холбогдуулан Татарыг цүүнд үлитгэн хядсан нь нь уг онд болсон гэж таамгалсанас үүдэлтэй юм.
Албан хүчээр таацуулсан энэхүү таамаглал нь Тулуй 16 настайдаа Мөнх хааныг төрүүлсэн байх боломжтой нь насны хязгаарт харшилахгүйн дээр

2. ------ Тулуйг хэн аврав ?. МНТ—ын 137-р зүйлд ...”Сача , Тайчу хоёрыг бүтээгээд Жүрхэний иргэдийг хөдөлгөн буцаж ирэхэд , Жалайрын Тэлэгэтү баяны хөвүүн Гүүн -Ува Чулуун хайч, Жэбэгэ тэр гурав Жүрхинд байжээ... гээд ...” Жэбэгэг Хасарт өгөв. Жэбэгэ Жүрхэний нутагаас Борохул нэрт өчүүхэн хөвүүнийг авч ирэн Өгэлүн эхтэй уулзан өгөв”... гэдэг.
Энэ бол хэдий "өчүүхэн" хэмээж байгаа боловч ямартай ч өөрийн гэсэн нэр устай хүүхэд байхадаа "олдсон" гэсэн үг билээ.
Харьцуулхад Шихихутуг нэргүй аль эсвэл нэрээ мэдэхгүй хэлд ороогүй байхадаа "олдсон" байдаг.
Энэ үйл явдал хэзээ болсон талаар “Монгол улсын түүх “ 2-р ботид ...”Татартай байлдаж буцаж ирсний дараа Тэмүжин 1197 онд Зүрхэн аймгийг дагуулан авчээ”...[ 2-р бүлэг. 90х] гэдэг.
Сайшаал гуай ч “Чингис хааны товчоон”- -доо 1197 онд уг үйл явдал болсон хэмээн үзжээ.
Чингис хаан эсгий туургат улсыг шулуутгаж дуусмагцаа [барс жил 1206 он ] үнэнч зүтэгсэн нөхдөө шагнасны дотор “өргөмөл” дүү хүлэг баатар Борохулыг магтсан хэсэгтээ МНТ—ын 214-р зүйлд ...”Татар иргэнийг цүүнд цүүлж үлитгэн хядахуйд Татарын Харгил Шар алагдах болохуйд ...5 настай Толуй гаднаас гүйн орж ирэхүйд Харгил Шар босоод хөвүүнийг сугандаа хавчин гарч одохуйд....Борохулын гэргий Алтани эхийн гэрт зүүнтээ сууж байсан бүлгээ. Эх хашигарч “хөвүүн аллаа” хэмээхтэй зэрэгцэн Алтани хөөцөлдөн гүйж Харгил Шарын хойноос гүйцэж нэг гараар гэзэгнээс нь барьж нөгөө гараараа хутга суглаж бүхий гарыг нь барьж татахын хамт тэрээр хутгаа алджээ....Алтанийн дуугаар Жэтэй, Зэлмэ хоёр сүх барьсаар улаан гартай гүйж ирэн Татарын Харгил шарыг сүхээр , хутгаар мөн тэнд нь алжээ”...гэж байдаг.
Эхнэрийх нь энэхүү зүтгэл хийгээд Хэрэйдтэй Хар халзан элстэд байлдахад Борохулын Өгөөдэйн амийг аварсан зэрэгт Чингис хаан талархаж түүнийг ...”ёсөн алдад алдваас бүү алдтугай”... хэмээн соёрхсон байдаг.
Энэ бол Борохул 1202 оны орчим эрийн цээнд хүрч залуухан гэр бүл болсон байсаныг хэлж байна.
МНТ-ын 163-р зүйлд:..."Ван хаан Хөгсэгү сабрагт дагуулигдаж , Чингис хаанд элч иргээрүүн: "Найманд ард иргэд , эм хөвүүдээ алдав би.Хөвгүүнээсээ дөрвөн хөлгийг чинь гуйж илгээв би....гэхэд Чингис хаан тэнд Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эдгээр дөрвөн хөлөгүүдээ цэрэг засаж илгээв"...гэдэг.
Энэ бол мөн л 1202-1203 оны үеийн үйл явдал тул энэ үед Борохул нэгэнт хүлэг баатар болсон байжээ.
Харин МНТ-ын

3. Одоо Чингис хааны том хүү Зүчид холбогдох баримтаар Чингис хааны төрсөн оныг тоймолж үзэе.
МНТ--ын 239-р зүйлд:..." Туулай жил [ 1207 ] он Жөчийг баруун гарын цэргүүдээр ойн иргэдэд мордуулав"....гээд ...."Ойрадын Хутуг бэхийг угтан , урьд элсэн, түмэн Ойрадаа удирдан ирэв хэмээн соёрхож хөвүүн Иналчид нь Чэчэйхэнийг өгөв. Иналчийн ах Төрөлчид Жөчийн охин Холуйханыг өгөв"...хэмээсэн байдаг.
Энэ бол Чингис хаан ач охиноо 1207 онд Төрөлчид хадамд гаргасан хэрэг болно. Өөрөөр хэлбэл Жөчийн охин Холуйхан хэдэн настай байсан нь тодорхойгүй ч ямартай ч Монголчуудын заншил ёсоор багадаа 15 -16 тай байсан гэж үзэж болох билээ. Аав Жөчийг нь ч мөн 15-16 насандаа эцэг болсон гэж тооцоход л Жөчи нь наагуур ярьхад [Холуйхан том охин нь гэж үзхэд] 1175-1177 оноос хойш төрсөн байх боломжгүй юм. Тэгвэл 1162 онд "төрсөн" Чингис хаан Жөчийг 13 -15 тайдаа "хийсэн" болж байна.
Мөн үүгээр бол Зүчийн дээр Үжин бэх гэх эгч байсаныг тооцвол Чингис хаан 10 орчим насандаа "эцэг болсон" байх нь эргэлзээгүй болно.
Энэ бол Тэмүүжин Бөртэтэй 16 тай гэрлэж 1179 онд Зүчи төрсөн гэх манай өнөөгийн "албан ёсны түүхийн" эсрэг баримт юм.


4.------МНТ-ын 165-д ..."Амраг дээрээ давхар амраг болъё хэмээн Чингис хаан бодож, Жөчид Сэнгүүмийн дүү Чагур бэхийг гуйхадаа , Сэнгүүмийн хөвүүн Тусахад манай Хожин бэхийг арилжин өгье хэмээн гуйваас"...гэдэг.
"Албан ёсны" түүхээр Чингис хааныг 1262 онд "мэндэлж " Зүчи 1179 онд төрсөн гэж үзхэд Хожин бэх нь 1203 оны үед наад зах нь 26 настай байсан болно. МНТ-г баримталбал Хожин бэх Чингис хааныг 15 настай байхад төрсөн баймаар.
Тэгэхээр нэг бол Чингис хаан 1162 онд төрөөгүй арай эрт мэндэлсэн байлтай. Үгүй бол Хожин бэх нь Чингис хааны хүүхэд биш болж таарна.

Нөгөө талаар Хожин бэх 26 настай хадамд гарна гэдэг нь тэр үеийн ёс заншилаар арай л " оройтсон " мэт байх нь сэжиглүүштэй.
Мөн адил шалтгаанаар Сэнгүүмийн дүү Чагур бэх хадамд гаралгүй 30 шахсан байна гэдэг итэгхэд бэрхтэй юм.

Сударын чуулганд уг үйл явдлыг арай өөрөөр ..." Тэр цагт Чингис хаан Ван ханы хүү Сангуны охиныг Зочи хөвүүндээ гуйжухуй. Сангун Зочийн охиныг хөвүүндээ гусан ажгуу"... [х440] гэдэг нь насны хувьд илүү үнэмшилтэй юм.
Нэгэнт Сангун Зочийн охиныг гуйсан нь үнэн бол тэр нь 1203 онд наад зах нь 13 нас хүрсэн байж л гуйлгах боломжтой юм. [ Хожим энэ охиныг 1207 онд Ойрадын Төрөлчид богтолжээ. ] Энэ бол тухайн үед зарим тохиолдолд л охидын хадамд гарч байсан хамгийн доод нас болой.
Тэгвээс Зочнын охин 1190 онд төрсөн байх ба эцэг нь түүнийг мөн л хөвгүүдийн хувьд эрт буюу 15 тайдаа гаргасан гэж үзхэд Зочи наагуур ярьхад 1175 оноос хойш төрсөн байж таарахгүй байна.
Энэ үед 1162 онд "төрсөн" Чингис хаан 13 настай байсан. Дээр яригдсан Чингис хааны ууган охин Хожин бэх Зүчийн эгч гэвэл Чингис хаан бүүр 11 насандаа аав болжээ.

5.-------- МНТ-ын 120-р зүйлд: ...." Ихрэсийн Буту энд хүргэн болох гэж явсаар ирэв"... гэдэг.
Эндээс Тэмүүжинийг Жамухаас салан нүүсэний дөнгөж дараа Чингис хан болохын өмнөхөн Буту ирж хүргэн болжээ гэж үзэж болох.
Энэ Буту нь Тэмүүжиний дүү Тэмүүлэнг авсан билээ. Иймээс Буту хүргэн гэдэг. Сүүлд Тэмүүлэнг өнгөрсөний дараа Чингис хааны их охин Хожин бэхийг авчээ.
МНТ-ын 60-р зүйлд: ..." Есүхэй баатарын Өгэлүн үжинээс Тэмүүжин, Хасар, Хачигун, Тэмэгэ эдгээр дөрвөн хөвүүн төрөв. Тэмүлэн нэртэй нэг охин төрөв. Тэмүүжинийг 9 настай байхад Жөчи хасар 7, Хачигун 5, Тэмүгэ отчигон 3 настай Тэмүлэн өлгийтэй бүлгээ"... гэдэг.
Энэ бол одоогийн ойлголтоор Тэмүүлэн Тэмүүжингээс 8 дүү байсан гэсэн үг билээ.
Тэмүүжинг 1162 онд "төрсөн " 28 насандаа 1189 онд хаан болсон гэж үзвэл Жамухаас салж нүүх үед ( 1180 онд ) Тэмүүлэн 10 настай баймаар.
Нөгөө талаар Судрын чуулганыг баримталбал энэ үед Буту нас биед хүрсэн бололтой байх ба МНТ-д ч ..."Буту хүргэн болохоор ирэв"... гэдэг нь "өөрөө яваад ирсэн" гэсэн утгатай билээ. Тиймээс Буту эхнэр болох насны Тэмүүлэнг богтолсон буйза хэмээн бодно.Түүнээс хүргэдэд тальбигдаагүй болно.
Энэ бол Тэмүүжинг 1155 онд төрсөн гэж үзэхэд эрхгүй хүргэх бөгөөд энэ утгаараа 1189 онд 34 настай байх ёстой болно.Иймд 28 насандаа хаан болов гэдэг дээр дурдсан дундад зууны үеийн Монголын зарим сурвалжын мэдээтэй зөрчилдөх бөлгөө.

6.---------1223 онд улсын ван Мухулай нас эцэслэхдээ: "...Улсыг нээж, төрийг байгуулахад хуяг дуулга, зэр зэвсэг лүгээ нөхөрлөсөөр дөчин он болов.." хэмээн өгүүлсэнийг түүх сударт тэмдэглэн үлдээсэнийг бас хүн бүхэн мэднэ.
Тэмүүжинг хан суусны дараа ирж нөхөрлөснийг "Нууц товчоон"-ы 137-р бүлэгт тодорхой өгүүлсэнийг одоо нийтээрээ мэдэх бизээ. 28+40=68. Мухулайгаас 4 жилийн дараа гахай жилийн өвөл Чингис хаан тэнгэрт хальсан шүү дээ.Purevdorj Yura.https://www.facebook.com/groups/1377355 ... 608612026/

7.--------Амбагай хааныг 1148-1156 оны хооронд хан суусан гэж ихэнх эх сурвалж хэлж байх ба МНТ-д Амбагай ханыг Зүрчидийн Алтан улсад хүргэгдэн алуулсаны дараа Хутула хан сууж Амбагай ханы өшлийг өшин Татартай 13 удаа байлдаж бүхүйд дэмий удалгүй Тэмүүжин төрсөн тухай өгүүлдэг.
Иймд чухам энэ үед буюу 1155 оны орчим Тэмүүжин мэндэлсэн нь тодорхой байна. Амбагай ханыг 1148-1156 оны хооронд төр барьсан гэдэг нь Бэсүүдэй Н.Нагаанбуу гуайхаар 1155 онд нас барсан гэсэн үг билээ. Иймд асуудалгүй таарч байна.

Харин Тэмүүжинг 1162 онд төрсөн гэвэл Амбагай хан энэ үед нас барж Хутула хан залган хэдэн жил хаанчилсан болно.
Хутула хан 1160 оны орчим нас барсан ба 1161 онд Зүрчидийн Алтан улс Монголд их хэмжээний цэрэг түлхэн оруулж Татар нартай хамсран Монголыг эгээ л мөхөөчхөөгүй байдаг. Иймд энэ таарахгүй тул Тэмүүжин 1155 онд төрсөн нь батлагдаж байна.

8.------БНХАУ--ын эрдэмтэд Жия Жинг Ян , Хунг Жиюунг нарын бичсэн --- " Чингис хааны тухай хэдэн асуудал"----гэх өгүүлэлийн " Анх удаа ширээнд суусан жил"---хэмээх сэдэвт Ганьсугийн Жиу Чиуван гэдэг газрын баруун өмнөх Бодьсун уул [ Жия Иуй Шан ] дахь Чинг И А хэмээх сүмд Тай Дингийн гуравдугаар он ( 1326 он ) -д Цагаадайн хойч үр болох Нандашигийн босгосон " Юаны үед дахин зассан Бодисун сүмийн хөшөөний бичиг"-- буй.
Уг бичээст..." Өмнө замбуутивийн эзэн алтан хүрдэнийг эргүүлэгч Заграварун хааны ширээнд Чингис хаан уламжилж суусан жил төрсөн Цагаадай нь журам баатар хосгүй бөгөөд өнгө дүрс төв чанга болой" хэмээгээд доош залган өгүүлсэн нь ..." Байхули их ван, Агусу их ван, Сижүлүг их ван, Нахули их ван, Нандаши тайж Цагаадайн алтан ширээнд заларвай"... гэсэн бичээс " Лонг Иу хөшөөний бичээс " хэмээх бичигийн 5-р ботийн 55-57 -р нүүрт тэмдэглэгдэж байна гэжээ. [ Хөх Өндөр. Өвөр Монголын нийгмийн шинжилэх ухааны хүрээлэн .1992 он №1 . Уг өгүүлэл "Чингис хэмээх нэрийн учир"--номод хөрвүүлэгдсэнээр . 2011он. ]
Энд байх итгэж болох хамгийн чухал мэдээ бол Цагаадайн төрсөн жилийг тодорхой өгүүлсэн явдал юм.
Хэрэвзээ Цагаадай Тэмүүжинг Чингис хаан болсон гэх 1189 онд "төрсөн" бол Тулуй түүний эгч Тэмүүлэн, ах Өгөөдэй нар хэрхэн төрөх.
Жн:--Цагаадайн хоёрдугар хөбүүн Мөгэтүгэн нь Хорезмыг сөнөөх дайнд (1221 он ) Чингис хааны хамт явж байгаад Бамиан цайзын бүслэлтийн үед үрэгджээ.
Мөгэтүгэн нь дээрх хөшөөний бичээсэнд нэр нь гарах Байхули нарын дөрвөн хөвүүнтэй байсан ажээ.
1221 оны дайнд амь үрэгдэхдээ 4 хүүхэдтэй байсан Мөгэтүгэн лавтай хорь гарч явсан залуу байсан буй за. Чингэж бодвоос 1200 оноос хойш төрсөн байх боломжгүй мэт. Тэгвэл Тэмүүжинг Чингис хаан цол хүртсэн 1189 онд "төрсөн" Цагаадай 10 хүрэхгүй насандаа түүнийг хэрхэн төрүүлэх.Энэ бол Тэмүүжин 1162 онд төрж 28 насандаа 1189 онд анхдугаар удаа Хан болсон гэх манай өнөөгийн түүх бичлэгийн эсрэг баримт юм.
Энэ нь Тэмүүжин анхдугаар удаа Хан болсон нь 28 насандаа 1182 он гэсэн үг билээ. Цаад утга нь Чингис хаан 1154-55онд төрсөн гэдгийг давхар өгүүлнэ.

Гэх мэтээр МНТ -д байх түүхэн үйл явдлуудад нарийвчилан шинжилгээ хийж үзвээс Чингис хаан 1162 онд төрсөн байх боломж хомс байна.

Н. Мункуев, Ф. Эрдманн, Я. Хаммер, К.Д. Оссон, в.В. Бартольд, Б.Я. Владиморцов, С.Л. Тихвинский , Г.Е . Грумм-Гржимайло манай Х.Пэрлээ нарын ихэнх алдартай Монголч эрдэмтэдийн баримталдаг хөхөгчин гахай жил Чингис хааныг мэндэлсэн гэх хувилбар үйл явдлын уяалдаа холбоо логик сайтай төдийгүй , тухайн цаг үеийн түүхэн хүмүүсийн бичиж үлдээсэн ховор нандин эх сурвалжуудаар баталгааждаг билээ.

Хэдийвээр манайханы “Перс эх сурвалж” хэмээн үл тоодог РАД—ны СЧ бол ямартай ч Чингис хааны ач нарын захиалгаар бичигдсэн түүхэн эх сурвалж тул анхаарахгүй орхиж болохгүй билээ.
РАД--ны СЧ--д Чингис хааныг 1155 онд төрсөн гэж бичсэн байдаг ба тухайн цаг дор төр барьж байсан Өлзийт хаан, Газан хаан нар Чингис хааны төрсөн жилийг эс мэдлээ гэхэд хэдэн настайдаа тэнгэрт халисаныг мэдэж байх ёстой юм.
Үнэхээр ч РАД ..."хааны ойр төрөл садангийхан нь түүнийг 72 насандаа өөд боллоо гэсэн "...гэж үнэмшил төрхүйцээр бичсэн байдаг бол үүнийг өмнөд Сүн улсын элч Хятадын түүхч Чжао Хун өөрийн бичсэн " Монгол татарын бүрэн тэмдэглэл"--дээ баталгаажуулан 1155 оны гахай жил төрсөн гэжээ. Тэр Чингис хааны амьд байхад Монголд Сүн улсын элчийн хувиар ирж Монголчуудын дунд нилээд удаан амьдарчээ.
Бидний хэн маань ч ах дүүсийнхээ хэдэн онд төрсөнийг тэр бүр сайн мэддэггүй. Гэвч хэдэн онд хэдэн настайдаа өнгөрсөнийг бол сайн мэддэг. Энэ талын ой санамжийн нэг онцлог нь ийм юм. Энэ байдал 800 жилийн тэртээд ч байсан нь эргэлзээгүй бөгөд Чингис хааны төрөл төрөгсөд нь түүнийг 1227 онд 72 тойдоо өнгөрсөн гэж байгаа бол үнэмшилтэй сонсогдно.

Мөн Зүчийн удмын Абулгази хаан ч Чингис хааныг хөхөгчин гахай жил мэндлэв гэдэг.
Гэх мэтээр баримттай судалгаанд үндэслэж Их эзний мэндэлсэн ойг тогтоохоос хэдэн эрдэмтэн хуралдаж “олонхийн саналаар”—явуулдаг ч сонгууль биш байхаа.
Ийм “сонгууль” 1962 онд болж Х. Пэрлээ гуай цөөнх болж байжээ. Арга барил 50 иад жилийн дараа ч өөрчилөгдөөгүй хэвээрээ байгаа нь 2012 оны " санал хураалтанд" академич Д. Цэрэнсодном гуай цөөнх болсоноос харагдна.
Чингис хааны төрсөн жилийг үнэмшилтэй тогтоох нь маш олон түүхэн үйл явдлуудын дэс дараа болж өнгөрсөн цаг хугацааг зөв тогтооход тустай юм.
Бид цаашид түүхэн үйл явдлуудыг хооронд нь харьцуулан нягтлан судлах замаар аль нь илүү үнэмшилтэй байгааг нь сонгох нь зүйтэй юм.
Түүнээс аль олон удаа эшлэгдсэнээр нь эсвэл олонхийн санал авсанаар нь түүхэн хүний төрсөн өдрийг тэмдэглэх нь зүйд нийцэхгүй билээ.
Их эзэн Чингис хааныхаа төрсөн оныг 7 жилээр зөрүүлж баяр ёслолын байдалтай тэмдэглэх нь Монгол улсын төрт ёсны хийморь ёндоонд ч цөвтэй билээ.
Сүүлийн удаа Mfbfj 6-р сар.02.16 9:04 pm-д засварласан, нийт 15 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: ЧИНГИС ХААН ХЭДЭН ОНД ТӨРСӨН БЭ ?

Бичлэг Бичсэн Mfbfj »

Дээрхээс үндэслээд Тэмүүжин 1189 онд хаан болоогүй гэж хэлэх болно.Өөрөөр хэлбэл сүүлийн 100 жил баримталж ирсэн Монголын түүх бичлэг орвонгоороо эргэж засварлагдах ёстой болох ба бүх эрдмийн зэрэг цолыг хурааж ,ном зохиолыг шатаах хэрэгтэй болох байхдаа. :lol:
Allergic Jet
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1491
Нэгдсэн: 1-р сар.20.14 11:50 am

Re: ЧИНГИС ХААН ХЭДЭН ОНД ТӨРСӨН БЭ ?

Бичлэг Бичсэн Allergic Jet »

Наадах чинь ингээд өөрийнхөө элийрэлийг бичээд бдымөө үхсэн архивийн тоосонд найтайлгаж үзээгүй
кириллээс өөр үсэг мэдэхгүй Төмөрөө чамшиг түүхч гэж юу бхав дээ
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: ЧИНГИС ХААН ХЭДЭН ОНД ТӨРСӨН БЭ ?

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Сайн бөө зүгээр хэлээд л өгнө.Ингэж ухнатацгааж байхаар..
Модун хааны алтан ураг-R1a
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Бичлэг Бичсэн Mfbfj »

.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: ЧИНГИС ХААН 1155 ОНД ТӨРСӨН

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах