Европ болон латин америк, зүүн Азийн улс орнуудын дунд байгуулагдсан улс төр, эдийн засгийн нэгдэл, хамтын ажиллагааны аливаа интеграцыг ажиглаж үзэхэд аль нэг нэгдэл, эвслийн гадна дангааршиж үлдсэн бодлоготой улс орон БНАСАУ, Монгол Улс хоёроос өөр бараг байхгүй, маш цөөхөн байна. Манай саарал бодлоготой хамгийн ихээр ханьсаж байсан БНАСАУ-ын хувьд ч байдал энэ чигээрээ үлдэх эсэх нь тун эргэлзээтэй болсон. Энэ нь тус улсын сүүлийн үеүдэд хийгдэж байгаа улс төрийн огцом шийдвэр, тус улсын дээд удирдагч Ким Жонг Уны гадаад уулзалт, гэрээ хэлцэл зэргээр ил гарч ирж ажиглагдаж байна. Хэрэв эдийн засгийн хувьд хаалттай бодлого баримталдаг ч цэрэг армийн хувьд тэргүүлэгч гүрнүүдтэй эн зэрэгцээ төвшинд явдаг тус улс ийнхүү нээлттэй бодлого баримтлах шийдвэрт хүрвэл энэ нь магадгүй дэлхий нийтийн аливаа хамтын ажиллагааны нэгдлээс гадна аль нэг улс орон өөрийн хүсэл сонирхлоороо үлдэж хоцрох боломжгүйг харуулж байгаа томоохон хэрэг явдал болох юм.
Хамтын ажиллагааны байгууллага, улс төр, эдийн засгийн нэгдэлд харьяалалтай бусад улс орнуудын хувьд авч үзэхэд тэдгээр улсууд нь ихэвчлэн хил залгаа улс орнууд болон геополитикийн нэгдмэл тал дээрээ тулгуурлан аливаа хамтын ажиллагаанд нэгдэхийг эрмэлздэг ба энд зарим нэг онцгой тохиолдлыг дурдвал тухайн улс өөрт ашигтай нэгдэлд нэгдэхийн тулд өөрсдийн зүгээс нэлээдгүй хүчин чармайлт гаргах тохиолдол ч байна. Ингэснээрээ тухайн улсууд нь хамтын ажиллагааны хүрээнд, нэгдсэн бодлогын дор өөрсдийн бодлогоо боловсруулж, хамтран шийдвэр гаргах эрх үүргийнхээ дагуу тэнцвэртэй байдлыг ханган ажиллаж байгаа болохоос аль нэг нэгдэлд орсноор буцаад гарч чадахгүй байгаа юм алга. Монгол Улсын хувьд ШХАБ-ын хоёр ч хүчирхэг гишүүн оронтой хил залгаа мөн тодорхой хэмжээнд ижил ашиг сонирхолтой гэдгээ ухамсарлаж хамтын ажиллагаанаас татгалзах биш нэгдэн орох талаар ажил хэргийг дэмжих хэрэгтэй байна.
Хөндөгдсөн цагаасаа эхлээд зөвхөн сөрөг талаасаа бичигдэж байгаа энэ асуудалд дурдалгүй орхисон бодитой давуу талуудыг бичье.

