Улаанбаатар хотын түүх

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Улаанбаатар хотын түүх

Бичлэг Бичсэн Tsenguun »

Товч намтар.
ЗурагУлаганбагатур - Улаанбаатар

Хоч нэр: "Азийн цагаан дагина"

Байршил :
* Монгол улс
* Координат: 47°55′N 106°55′E
* Туул голын эрэг дээр, Богд хан уул, Баянзүрх уул, Сонгино хайрхан уул, Чингэлтэй хайрхан уул зэрэг 4 уулын дунд оршдог юм.

Газар нутаг :
* Нийт 4,704.4 км²
* Өндөр 1351м далайн түвшнээс дээш

Хүн амын тоо :
* Нийт 1,044,500 (2008 оны байдлаар)
* Нягтшил 222/км²
* Цагийн бүс UTC+8

Түүх :
* Өргөө гэж байгуулагдсан 1639он
* Одоогийн байршил 1778он
* Улаанбаатар 1924оноос

Засаглал
* Хотын захирагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр

Засаг захиргаа
9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг
Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай

Шуудангийн хаяг
* 210 xxx

Утасны код
* 976 (0)11

Машины лиценз
* УБ-

Цаг агаар
* Улаанбаатар хот нь 4 улиралтай.
* Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм
* Жилийн дундаж чийгшилт 69%
* Агаарын дундаж температур 2.2ºС

Монгол дахь байршил
Зураг

Нийслэлийн сүлд тэмдэг
Зураг

Нийслэлийн туг
Зураг
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: Улаанбаатар хотын түүх.

Бичлэг Бичсэн Tsenguun »

Улаанбаатар хотын түүх.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм.

Нүүдлийн өргөө /1639-1778/
Зураг
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.

Их хүрээ /1778-1910/
Зураг
Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1911-1921/

Зураг
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.


Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/
1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Дамдины Сүхбаатарын нэрийн өмнөөс Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: Улаанбаатар хотын түүх.

Бичлэг Бичсэн Tsenguun »

Засаг захиргаа :
Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.
Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн баридаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлгандаг.

Хүн ам зүй :
2008 оны 5 сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь 1,044,500 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 222 хүн.
Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Тээвэр
Зураг
* Олон улсын
Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал үйлчилдэг. Энэ нисэх буудал нь Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин хотуудтай нислэг үйлдэнэ. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.
* Дотоодын
Улаанбаатар нь Монголын ихэнх хотуудтай замаар холбогддог боловч эдгээр замын ихэнх нь засмал биш, шороон зам.
* Хот дотор
Хот дотор троллейбус, автобус, микробус, такси зэрэг үйлчилдэг.

Аялал жуулчлал
Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.

Соёл урлаг
Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллагууд олон нийтэд үйлчилж байна.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: Улаанбаатар хотын түүх.

Бичлэг Бичсэн Tsenguun »

Нийслэлийн сүлд тэмдэг
Зураг
Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна.

Нийслэлийн туг
Зураг
Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Хөх дэвсгэр дээр Нийслэлийн сүлд тэмдгийг цагаан торгоор дүрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урлана. Нийслэлийн туг нь Нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулна. Тугны өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: Улаанбаатар хотын түүх.

Бичлэг Бичсэн Tsenguun »

Хотын дарга нар

Зураг
* Моононгийн Баяр 1924-1926 он
* Санжийн Батсүх 1926-1927 он
* Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
* Ламжавын Мижиддорж 1929-1930 он
* Бадамын Цэдэндамба 1931-1932 он
* Өлзийн Равдан 1932.07.04-08.27
* Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
* Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он
* Лодойн Тавхай 1939.05-11
* Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
* Ломбодонойн Дамдин 1941. 07-08
* Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
* Содномын Шагдар 1942-1944 он
* Гүндийн Багаа 1944-1956 он
* Бадрахын Ламзав 1956 он
* Будын Батжаргал 1956-1959 он
* Санжийн Батаа 1959-1962 он
* Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
* Догсомын Цэдэв 1965-1971 он
* Сономын Лувсангомбо 1971-1972 он
* Сүрэнжавын Балбар 1972-1976 он
* Очирын Цэнд 1976-1978 он
* Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
* Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
* Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
* Жанлавын Наранцацралт 1996-1998 он
* Миеэгомбын Энхболд 1999-2005 он
* Цогтын Батбаяр 2005-2007 он
* Түдэвийн Билэгт 2007-2008 он
* Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 оны 12 сараас



Эдгээр бичлэгүүдийн эх сурвалж Википедиа болон УБ.мн дээр.
\_o_/
Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Улаанбаатар хотын түүх • •

Бичлэг Бичсэн Tsenguun »


Уул усны сонин түүхээс


Улаанбаатар хотын зуслангууд хотоос хойшоо 3-35 км үргэлжлэх олон уулсын аманд байрладаг, эдгээр амнууд нь Дамбадаржаа, Жигжид, Шадав-Гэлэн, Дондогдуламын рашаан гэхчилэн хүмүүсийн нэрээр нэрлэгдэж ирснээс гадна тэнд амьдардаг байсан ховор амьтад Хандгайт, Ар-согоот, Салхит гэх мэтээр нэрлэгдсэн зарим нь уг нутагт ургадаг байсан ургамал, уул, ус, горхины нэрээр Яргайт, Чингэлтэй, Майхан толгой гэх мэтчилэн нэрлэгдсэн нь бий. Эдгээр нэрүүд хэрхэн яаж үүссэн, тэнд амьдрал хэрхэн өрнөж байсан талаар нутгийн ахмадуудын яриа дурсамжинд тулгуурлан бичив.

Дамбадаржаа
Нийслэл хүрээг тойрсон олон сүм хийдүүдийн нэг нь “Долоон бурхан” буюу Дамбадаржайлан хийд, хүрээний хойт талаар орших арваад хийдийн хамгийн эртний бөгөөд бас хамгийн том нь Дамбадаржайлин хийд юм. Энэ хийд хүрээнд ойрхон, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар анх байгуулагдсан юм. Яг долоон бурхан од шиг байрлал бүхий долоон сүм дугантай, шөнө болохоор долоон том зул асаадаг тус бүр шилэн хорготой байсан гэдэг. Тэгээд хүрээнийхэн шөнө хойшоо харахад яг л газар дээр бас нэгэн долоон бурхан байгаа юм шиг харагддаг байснаас зуун зууны тэртээ энэ хийдийг “Долоон бурхан” хийд хэмээн нэрлэж их хүрээнийхэн шөнөд тийшээ мөргөж зальбардаг байсан гэнэ. Сүүлд энэ хийдийн тэргүүн хамбаар Дамбадаржаа ламтныг ажиллаж амьдарч байх үед хөгжлийнхөө оргилд хүрсэн, Дамбадаржаа ламтан ч их нэр хүндтэй хүн байсан учраас Дамбадаржаагийн хийд гэх болж улмаар тэр сүрлэг уул, дэлгэр сайхан ам нь Дамбадаржаа ламын нэрээр нэрлэгдэх болсон гэдэг. Гуч дөчөөд оны их хэлмэгдүүлэлт Дамбадаржаагийн хийдийгтойроогүй. Олон зуун лам хуврага нь баривчлагдаж, хүрээ хийдийг нь балгас болгон нурааж бурхан шүтээнийг нь устгасан гэдэг. Монголын соёлын нэрт зүтгэлтэн Цэдэн-Очир гуай зүүн хүрээний бурхадыг дөш лантуугаар балбаж хавтгайлж байхад Дамбадаржайлан хийдээс нэг машин бурхан хоёр машин судар авчран давтахыг нь давтаж шатаахыг нь шатаасан” гэж дурсамжиндаа бичсэн байдаг. Цэрэн-Очир гуай бол түүх шашны үнэт зүйлийг нууцлан авч үлдсэн гавъяатай нэгэн байж билээ. Дамбадаржайлан хийд ийнхүү устгагдаж цөөн хэдэн барилга байгууламж үлдэснийг сүүлд сэргээсний дээр, дөчөөд оны үед Дамбадаржаагийн эмнэлгийн орчин үеийн барилга барьж түүхийн нэгэн шинэ үе эхлэж билээ.Дамбадаржаагийн эмнэлэг нь эхний үед олзлогдсон япончуудыг эмчилдэг япон, монгол эмчтэй эмнэлэг байсан аж. Энэ эмнэлгийн анхны бага эмч, сувилагч, эм түгээгчээр нь Богдын хүрээний уугуул иргэн лам Дашзэвэг маарамба ажиллаж байсан юм. Дашзэвэг гуай олзлогдсон япон эмчилдэг бага эмч, сувилагч, эмийн няравын бүхийл үүргийг ганцаараа гүйцэтгэж байсан буянтай лам маарамба билээ. Сүүд хүртэл эмнэлгийн албандаа зүтгэж 1960-аад оны үед анагаах ухааны дээд сургуульд 47 настай орж суралцаад 52 настай төгсөж байсан юм. Дашзэвэг маарамба анагаахын дээд
сургуулиа төгсөөд Гандантэгчилэн хийдийн эмчээр ажиллаж байхад Эрүүлийг хамгаалах яам дуудаж аваачаад лам хүн их эмчийн дипломтой байж болохгүй гээд дипломыг нь хурааж байж билээ. Дашзэвэг ламтанг Дамбадаржаа дахь олзлогдсон япончуудын эмнэлэгт ажиллаж байхад бөөсөн тиф, халуун хижиг зэрэг халдвартай аюулт өвчин их байсан юм билээ. Япон цэргүүд ч их үхдэг байж. Хамгийн анх нас барсан хэдэн япон цэргийн шарилыг морин тэргэнд ачаад Дашзэвэг ламтан ганцаараа явж оршуулсан юм билээ. Одоо Дамбадаржайлан хийдийн баруун хойд энгэрт байгаа япончуудын оршуулга байгаа газарт тусгай ухсан нүхэнд хэдэн цэргийнхээ шарилыг оршуулж булчихаад толгой дээр нь сайн төрөл олохыг ерөөн хойдохыг нь уншиж байсан гэдэг юм. Түүнээс хойш нас барсан япон цэргүүдийг тэнд оршуулдаг болсон юм гэдэг. Дашзэвэг ламтан амьд сэрүүн байхдаа олздогдсон япон цэргүүдийг оршуулж байсан газраа зааж өгөөд тэнд японы оршуулгын газар болж билээ. Би энэ тухай олон жилийн өмнө Япон цэргийн шарил дээр хойдохыг нь уншсан лам гэсэн өгүүлэл бичиж хэвлүүлээд бэсрэг кино зохиол бичснийг минь нэгэн япон хэлтэй монгол найруулагч хамтарсан кино хийнэ гэж аваад алга болсон. Дамбадаржаагийн ам бол ийм л түүхтэй газар даа.

Шадавлин
Шадавлингийн зусланг мэдэхгүй хүн байхгүй. Энэ уужим дэлгэр ам нь битүү мод ургамлаар хучигдсан ёстой л диваажин гэмээр газар байсан гэдэг. Энэ ам дээшээ өгсөхөөр гурав салаалдаг. Гурван салаа амны уулзах бэлд хэсэг хусан төгөл, тэр хуснуудын дундаас Шадавлингийн рашаан ундардаг байв. Тэр рашаан булагийн зүүн талаар хошуурч тогтсон хадтай өндрийн энгэрт / зохиолчдын хорооны зуслан байгаа газар/ ганц өнчин сагалгар мод бий. Шадавлингийн хийдээс үлдсэн ганц шүтээн хэмээн хүмүүс хадаг яндар, судар ном зүүсээр одоо мөчир шилмүүс нь даахаа больсон байна билээ. Энэ модны дэргэд хадтай толгойн энгэр дээр Шадав гэж гэлэн хүний байгуулсан цөөн хэдэн дуган сүмтэй бэсрэг хийд байсан юм билээ. Тэр гэлэнгийн нэрээр Шадав ламын хийд л гэдэг байсан юм гэдэг. Тэр эрхэм ламтан өндөр дээд зэрэг хэргэм авч Шадав гэлэн гэх болсноос хойш Шадав гэлэнгийн хийд гэх болж. Тэр нь цагийн саалтад сунжирсаар Шадав лингийн хийд болж тэр ам уул ус, булаг шанд бүхлээрээ Шадавлин хэмээн нэрлэгдэх болсон юм гэдэг. Ганц модны ойр орчимд дуган сүм байсны ул мөр бий. Газрын хөрсөн дээр эртний барилга байшингийн хүрэн улаавтар өнгөтэй шавар, туйпууны хэсэг, ваар савны хэлтэрхий цухуйж байдаг. Ухвал юу ч гарч ирж мэднэ. Эдгээр сүм хийдүүдийг ажиглахад заавал нэг рашаан булаг, уулын гол горхийг түшиглэн байгуулсан байдаг. Гол нь тэдгээр рашаан булагууд хүний биед олон талын нөлөөтэй төрөл бүрийн өвчнийг илааршуулдаг байсан нь гайхалтай.

Жигжид
Жигжидийн ам бол битүү ногоон модтой, уулын түргэн горхи үргэлж хүржигнэж урсч байдаг, байгалийн даанч үзэсгэлэнтэй нутаг байсан даа. Тахилгатай уулынх нь энгэр дээр, эрхэм дээд ламтан Жигжидийн морилдог хийд байснаар Жигжидийн ам гэж нэрлэгдсэн юм билээ. Хийд нь яг уулынхаа энгэр дээр өмнө нь бас л онгон догшин мод, баруун дэргэд нь газраас үргэлж ундарч байдаг рашаан булагтай, тун сайхан газар байлаа. Манай эрх мэдэлтнүүд уулын дээд амыг бүхэлд нь хашсан хичнээн ч га талбай юм тэр сайхан нутгаа япон эзэнтэй Ньюкомынхонд бэлэглэчихсэнээс хойш энэ сайхан газар нутаг бүхэлдээ “сөнөсөн” зуслангийнхан мод руу явж салхи амьсахын ч аргагүй нутагтаа боол болж япон эзний захиргаанд орсон гэхэд хилсдэхгүй. Мянган хүн ундаалдаг рашаан булгийг нь хааж тал талд нь гүний худаг гаргаснаар өнөөх рашаан булаг тунгалаг гол горхи нь хатаж улаан халцгай болсон. Ньюкомынхноос гадна манай төрийн томчуул айлсаад орд харшаа барьчихсан, өнөөх рашаан булгийн усыг нь хашаандаа оруулчихсан шланкаар худалдаж байна гэнэлэй. Булаг шандыг ингэж сүйтгэсэн хүмүүсийг хууль цээрлүүлдэггүй юмаа гэхэд байгаль өөрөө цээрлүүлдэг юм гэсэн. Рашаан булаг сүйтгэгчдийг арай л зүгээр өнгөрөөхгүй болов уу. Жигжидийн хийдийн их ламтан Жигжид гэдэг нь архи нэлээн уучихдаг, улаа бутарсан тарган шар хүн байсан юм гэнэ лээ гэж хууччуул ярина. Их номтой хувилгаан хүн байсан гэх. Хийд нь бас л гуч дөчөөд оны үед үгүй болсон. Уулын энгэрт буурь төдий зүйл үлдсэн. Газрын наймаачид хэдэн жилийн өмнө тэр хавийн газрыг булаалдан авч хашаа хатгаснаа зарим нь “Их хувилгааны онгон шүтээн байсан газрын дээд тал мань мэтэд хүнддэнэ” гээд орхиод явсан гэх. Заримд нь бас таагүй байдлаар хандсан гэж хүмүүс шивэр авир ярилцана. Нилээд хэдэн айл Жигжид хувилгааны сүм дуганы буйран дээр байшин барилга барьчихсан байгаа. Ойрхон зусдаг байсан хамба лам Х.Гаадан гуайгаас нэг удаа лавлахад “хийд дуган байж ном их хурдаг байсан газарт бол хар муу энерги хурдаггүй, дан эерэг энерги хуралдсан байдаг учир муу юм ердөө байхгүй. Харин ийм сүм хийдийн ойр орчимд оршуулгын газар заавал байж таарна. Тийм газар, хар муу энерги хичнээн ч cap жилээр хуралдаж байхыг үгүйсгэх аргагүй” гэж билээ.


Шарга морьт
Шаргаморьтын ам, тэндэхийн мянган айлын зусланг мэдэхгүй хүн байхгүй. Энэ амны дээд хэсэгт сүрьеэтэй хүүхдийн асрамжийн газар байсан хэдэн цагаан байшингийн зүүн хойно уулын өвөрт ганц шарга морьтой өвгөн настай хүн байсан гэнэ. Хавь ойрынхон Шаргаморьтынх гэнэ. Тэр ядуу хүн, нэг муу овоохой хар гэртэй, Шарга мориороо бүх зүйлийг амжуулдаг нэгэн байсан юм билээ. Мориндоо тэрэг хөллөөд түлээ модоо түүж самар жимс хурааж хүрээ рүү илүүчлэн зарж наймаалдаг байсан гэсэн. Нэг зудтай өвөл шарга морь нь туйлдаж ядраад хавар оройхон ганц морь нь үхсэн юм гэдэг.Харамсч гунихарсан эзэн нь мориныхоо толгойгоор хойд тахилгатай уулаа тахиж тэргэнийхээ дугуйг уулын оройд аваачиж хүндэтгэлтэй залсан гэдэг. Шаргаморьтын тахилгатай уулын оройд яг морины толгой шиг жижигхэн хад түүнээс зүүн тийш тэрэгний дугуй шиг дугуй хад байдгийн утга учир ийм юм гэсэн. Шарга морио үхсний дараа нөгөөх эзэн нь гадагшаа гарахаа больж овоохой гэртээ суусаар байгаад таалал төгссөн гэдэг. Түүнийг хэн ч оршуулаагүй, уул усандаа мөнхөрч үлдсэн гэдэг юм. Шаргаморьтын аманд яг л гэрийн буурийн хэртэй дугуй газар ямар ч гантай жил ногооноороо байдаг. Дунд нь нэг хэвтээ хүн шиг чулуутай. Тэр нь шарга морины эзэн юм гэсэн. Сүрьеэтэй хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүд тэнд очиж тоглох дуртай байсан гэсэн. Хамгийн гол нь тэнгэр муухайрч хүйтэн боллоо ч гэсэн тэр чулуу бүлээхэн байдаг гэж тэнд өсч өндийсөн хүүхдүүд ярьдаг юм. Одоо бол Шаргаморьтын ам тэр чигээрээ барилга байшин хашаа саравч болчихсон өнөөх буурь, чулуу хоёр хаана байгаа нь мэдэгдэхээ больсон байна билээ. Шаргаморьт гэсэн нэр авсны учир энэ гэсэн Шарга морин тэрэгтэй хүн явж байсан замаар шар эрээн автобуснууд өглөө оройгүй довтолгож байна.
\_o_/
Хаагдсан

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах