МОНГОЛЫН РОК ХӨГЖМИЙН НААДАМ – 6 дахь жилдээ
САНААЧЛАГЧ, ЕРӨНХИЙ ПРОДЮССЕР: Ц. Нацагдорж
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Хай-Фай Радио 98.9 (Ес Найм Ес), Moнголиан Мьюзик Медиа ХХК
ХАМТРАГЧ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД: Лемон Продакшн, Төгс Чанар хэвлэлийн компани, Хай-Фай Рекордз, Тоншуул сонин, Пентатоник академи.
PLAYTIME 2007 НААДМЫН ШАР АЙРАГ: Чингис Шар Айраг
ХЭЗЭЭ: 2007/12 дугаар сарын 01-нд 17.00 цагаас (хаалга 16 цагаас онгойно)
ХААНА: УБ Палас, Рояль Концертын Танхимд
ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ: BD, Хатнаа, Ариукаа (98.9-ийн хөтлөгч нар)
Хай-Фай Радио 98.9 (Ec Найм Ес)-өөс зохион байгуулдаг “PLAYTIME-2007” Монголын рок хөгжмийн наадам 2007 оны 12-р сарын 1-ны хагас сайн өдөр УБ Паласын Рояль Концертын Танхимд болох гэж байна. Энэ жил Playtime хөгжмийн наадам нь 6 дахь жилдээ болох гэж байгаа бөгөөд жилээс жилд хамтлаг дуучид, үзэгчдийн тоо, нэр хүндийн хувьд өсч байгаа Монголдоо хамгийн анхны бөгөөд хамгийн том амьд хөгжмийн наадам юм.
Playtime наадам 2002 онд анх удаагаа зохион байгуулагдаж 5 хамтлаг оролцож байсан бол 2007 онд 40 орчим хамтлаг дуучид наадмын тайз дээр гарах гэж байна.
Тус наадамд 2002 оноос хойш Нисванис, Шөнийн галт тэрэг, Чоно, Жакал, Маdness, Булсарай, The Lemons, За за хамтлаг, дуучин Буянаа, 1060, Халуун виски, Х-Вит, дуучин Отгоо, дуучин Мишээл, Метроном, Nomads, Attack, Shalom, Сансара, L-Guards, Fire, Crack, Angel, Алтан Ураг, The Strangers, Моханик, The Pilots, Honor The Sacrifice, Готика, Шүүдрийн дусал, Honeybees, Zenith, Zero, Нар сар, Starfish, Хуучны Тамга, Moon зэрэг давхардсан тоогоор 130 гаруй хамтлаг, дуучид оролцож байсан түүхтэй.
2005 болон 2007 онуудад Playtime хөгжмийн наадам нь Пентатоник хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолд “Оны шилдэг амьд тоглолт” номинацид хоёр удаа нэр дэвшиж байсан. Playtime 2006 наадмыг Пентатоник академийн ивээл дор зохион байгуулж байсан түүхтэй.
2002-2004 онуудад Playtime наадмын ерөнхий зохион байгуулагчаар Хай-Фай Рекордз, 2005 болон 2006 онд Хай-Фай Радио 98.9 “Ес Найм Ес” тус тус ажиллаж байсан юм. Мөн Lemon Production, Тоншуул сонин, UBS TV зэрэг байгууллагуудын зүгээс Playtime наадмыг анхнаас нь дэмжиж хамтран зохион байгуулагч болон ивээн тэтгэгчээр оролцож байсан. Энэ оноос Төгс Чанар Хэвлэлийн компани нь Playtime наадмыг дэмжиж зохион байгуулалтанд оролцож байна.
Энэ жил наадмын талаарх мэдээ, сурталчилгаа өмнөх онуудаас илүү өргөн цар хүрээтэй болох төлөвтэй байна. Олон телевиз, радио, олон нийтийн байгууллагууд тус наадмыг анхааралтай ажиглаж, дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна.
Монголын шилдэг олон залуу хамтлаг дуучид, тухайлбал: Шөнийн галт тэрэг, Булсара, дуучин Отгоо, The Lemons зэрэг хамтлаг дуучид Playtime рок хөгжмийн наадмаар анх олны танил болж байсан түүхтэй. Жилдээ ганц болдог рок хөгжмийн хамгийн том наадам Playtime-2007 удахгүй болох гэж байна!
PLAYTIME – 2007
наадмыг зохион байгуулах баг










