Энэ сард тийм их дотно биш ч гэсэн нагац эгчийн маань тун хөгжилтэй нөхөр нь өнгөрлөө, Элэгний хорт хавдар нь хоёр уушиг руугаа үсэрхийлээд найдваргүй болсон тул наадмаас хойш эмнэлэг гэсээр намрын дунд сарын билэгт сайн өдөр тэнгэрт халилаа. Цагаан сараар тэднийд очихоороо л элгээ хөшиж нулимсаа садартал инээлгэдэг сайхан хүн байжээ. Ингээд нагацын талаас нагацын бэрүүд маань л амьд сэрүүн бусад нь газар дор амгалан нойрсоцгоож байна даа. Эмэгтэйчүүд нь бүгд л бэлэвсрээд хоцрох шив. Эрэгтэй хүн угаас тийм байдгымуудаа, үр хүүхэд гэргий гэж гүйгээд өвчин хууч туссан нэрэлхэх үедээ нэрэлхээд ичих үедээ ичээд, бардам зан бла мла, ажил тасдвал мөнгө цаас гээд л, шалтгаан зөндөө байгаа байх даа.
Эрүүл мэндийн дэвтэргүй цоо эрүүл байсан ч гэсэн жилдээ нэг удаа ч болов эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй, нагац маань өвдлөө гэж ёо гэдэггүй хүн байж байгаад л нэг л өдөр ийм болчихлоо, урьдчилсан үзлэгт нэг удаа хамрагдаагүйн гай гэх үү лай гэх үү?
Ажил ихтэй үе таараад амралтын өдрүүдээр хагас дутуу тэднийд тогоо барьлаа. гэр хороололд байдаг юм. нагацууд маань бүгд ажлаа мартацгааж бид хэдэн өдөр баяр хийж байгаа юм шиг л хоорондоо удаан хараагүй нэгэнтэйгээ хууч хөөрч хамтдаа хоол унд хийж, мах шөл янзалж, мод хагалж аяга угааж зэд бэлдэж зогсоо зайгүй дээш доош бөхийн тонгочиж байхдаа, нас барсан ч биднийг хөгжөөхөө мартсангүй шүү гэж л бодож амжлаа.
өөрийнх нь талын хүмүүс харахад нүдэнд хүйтэн, доожоо муутай, тунчиг ажилсаг нааш цааш салхи татуулан гүйж байгаа хэрнээ гараас нь юм гарахгүй, хүний нүд хуурахдаа тун гарамгай сэм сэмхэн ил байгаа юмсыг тоншчихоод байгаа нь нүдэнд эрхгүй л тусаад байв.
тийм юм амьдралдаа үзсэн биш хэлэх үггүй чимээгүй л орхилоо, нас барсан хүний араас муу юм бүү дуулдаг.
Яагаад завгүй хэрнээ зав гаргаж тэр айлд очин тэгэн тэгэн тусласан бэ гэвэл, аавыг минь өнгөрөхөд намайг аяга тавга, шалны алчуур тогоо шанаганд хүргэлгүй манай хамаатнууд тусалсан тухай үед тийм юм болсныг мэдэхгүй ч хэзээ хойно иймэрхүү үед тунгааж бодоод зүгээр сууж боломгүй санагдаад тусаллаа, тэднийх 3 хүүхэдтэй ч хүүхэд бүр тэр өдрүүдэд дор дорын хийх ажилтай байсан тул бид эхлээд хий гэсэн юмыг нь хийж байсан ч удалгүй тэднээр хэлүүлэлгүй хөдөлж эхэллээ.
угаасаа л тэнгэр нурчихсан юм шиг царай гөлийж нүдний дор харлаад хүн харахад амьд юм шиг ч байнга л энд тэнд хөшөөд л, ухаан санаа тэнд үхсэн хүүрний хажууд байдаг хойно доо.
том болно гэдэг ийм л мэдрэмж байж, үргэлж талийгчдыг дурсан санаж, хийж чадаагүйн ажил, хариулж бараагүй ач, ирээдүйд хамт мөрөөдсөн мөрөөдөл бүхнээ ил гаргаж боломгүй, байнга дурсамж сэдрээж санаа алдалгүй, толгой өөд гэдийж энгэрт чинь үлдэж мөрийг чинь түших нэгнийг тултал хайрлаж үргэлж сэтгэл дотор дундуур шингэнтэй сав шиг байх тул, сагсалзаад дарвалзаад байлгүй, хариуцлага хайр хоёроо тэнцүүлээд алхахдаа хүртэл хүүхдийн зулай дээр гишгэж байгаа юм шиг зөөлөн явдалтай болчих юм. юм болгон хоёр талтай хойно доо, муу талуудыг нь би бичихээ хойшлуулья даа.
Хэдэн өдрийн өмнө би өөрөө шийдсэн номыг уншиж эхэллээ. Та тэр номыг уншиж эхэлхийн өмнө луврын музей бас бус газруудаар явж үзсэн байх хэрэгтэй, адаглаад нэг үг мэдэхгүй ч юм уу тийм тохиолдолд тэр ном таны сэтгэлний хөндүүрт хүрч чадахгүй тийм их мэдлэг оюун шаардсан ном байна. орчуулгын хэвлэгдсэн номын дээд гэж хэлж бол болохгүй утга уран зохиолын олон хэв журмыг дураараа эвдэж их л богино хугацаанд сандрангуй эвлүүлээд хянан тохиолдуулалтыг энд тэнд нь хагас дутуу шалгаад өнгөрөөсөн юм шиг л санагдлаа, нүүрэн дээр нь алдарт зураг байх бөгөөд энэ номыг уншиж дуусгахад би лав тэр зурган дээрх шиг сэтгэл хангалуун үлдэхгүй бололтой. роман гэсэн тул утга уянгыг бага зэрэг холиод өгсөн бол, найруулган дээр нь янзалмаар санагдаад болсонгүй тул гарт таарсан бал аваад яг л дүрмийн алдаа засаж байгаа бага ангийн багш шиг алдаатай үгсийг нь засаад найруулган дээр нь энд тэнд зураад, улангасан өөрийнхөөрөө зассаны дараа гэнэт шинэ номон дээр баахан мунхагаасаа үүдсэн баллаж сохолсон цэнхэр өнгөнүүдэд цочирдоод харамслаа. гэхдээ яахав дээ,
анхаарал татахуйн хувьд бол сэтгэл хүрсэнгүй, гэхдээ үсгийн алдаа, найруулгын болхи байдал нь энэ номыг 66 р хуудас хүртэл уншихад хүргэсэн болохоор бага хуудастай номын хувьд хангалттай үзүүлэлт гэж бодож байна. зурагт радио интэрнэтээр хоолойд тултал сурталчилсан ном байсныг хэлэхүү номын нүүрнээс эхлүүлээд анхаарал дээд цэгтээ хандуулж утсаа хүртэл унтраасныг минь яана. Мэдлэгийн хувьд бол уншигчдад тийм зураачын тийм бүтээлийг харах юмсан гэсэн сэтгэгдэл өдөөхөөр боловч хангалттай асааж чадахааргүй, хайш яайш орон гаран хүн найруулсан юм шиг бичилт нь тэр хүслийг унтраахад бол хүрэлцэхүйц юм байна. ганц хоёр хуудас сексийн талаар хальт мулт бичсэн ч тэр нь тийм сэрэл сэрээхээргүй /үнэндээ бэлгийн ажил яг л тийм уйтгартай байдаг тээ, ялангуяа бие биенээсээ уйдах янз орсон хосуудын хооронд, тийм үнэнд нь талархаад орхивол алдас болохгүй байгаа/ тал хүртэл нь уншихад ийм бодол төрлөө, нээсэн болохоор дуусгана аа, угаасаа энэ ном бүхэлдээ дундуур шингэнтэй сав шиг, миний том хүн болох мэт мэдрэмжтэй ижил бас л дундуур юмсын нэг юм чинь.
хэзээ ч амсарт нь хүрэхгүй дундуу сэтгэлийн төлөө, таашаалын дээд цэгт хүрээгүйн сексийн төлөө, чиний бүхэлдээ хүчээ шавхаж хичээсэн гэж чи бодох ч хангалттай байдаггүй гэдгийг мэдэх цаг мөчийн төлөө, хэзээ ч биднийг гэдэггүй хүмүүсийн төлөө, гэхдээ л чи мэддэг л бол хуваалц, чадах л бол хий, чадахгүй бол тусламж хүс, хүсэж байгаа бол илэрхийл гэж шийдсэн миний амьдралдаа гаргасан шийдвэрүүдийн төлөө, олон хуудас бичсэн блогнуудынхаа төлөө, орон дороо унтахын өмнө бичдэг тэмдэглэлийн дэвтрийн төлөө, ноорог болж дууссан шүүгээ дүүрэн хуучин дэвтэрнүүдийн төлөө би үргэлж инээж явна аа

