Xаа сайгүй л хямрал үргэлжилсээр, ажилгүйдэл, дампуурал улам бүр газар авсаар байна. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хямралаас болж бухимдсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Грек, Франц, Латав, Их Британи гээд олон оронд болж өнгөрлөө. Харин тус долоо хоногт ОХУ-ын хөрөнгө оруулагчдын чуулган Москва хотноо болж өнгөрсөн билээ. Уг чуулганд Евразийн улс төрийн эрсдэлийг тооцох компанийн Ерөнхийлөгч Иан Бреммер оролцсон байна. Тэрбээр "Санхүүгийн хямрал нь улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг бий болгож байна" гэж үзжээ. Удахгүй түүний хөрөнгө оруулалтын стратеги дэх улс төрийн мэдлэгийн талаархи нэгэн шинэ ном гарах гэж байгаа юм байна. Мөн тэрбээр улс төр, эдийн засгийн хямралд дүн шинжилгээ хийсэн аж. Түүнтэй "Ньюсвийк" сонины сурвалжлагч уулзаж ОХУ, БНХАУ-ын эдийн засаг, улс төр тэнцвэр алдагдах юм бол юу болох талаар ярилцсан байна. ОХУ, БНХАУ гээд хоёр том улсын дунд оршдог манай улсын эдийн засаг хойд, урд хоёр хөршөөсөө ихээхэн хамааралтай байдаг билээ. Ингээд уншигч та бүхэндээ Евразийн улс төрийн эрсдэлийг тооцох компанийн Ерөнхийлөгч Иан Бреммерийн ярилцлагаас орчуулан хүргэж байна.

Хятадын эдийн засгийн талаар ярилцмаар санагдлаа. Хятадууд ОХУ-тай зарим газар нутгаараа хиллэдэг. Мөн Ерөнхийлөгчийн засаглалтай, үндсэрхэг үзэлтэй гээд олон талаар холбоо хамааралтай байж болох юм. Та Хятадын эдийн засгийг судалж үзээд сөрөг дүгнэлтэд хүрсэн байсан?
-Хятадуудын хувьд эдийн засгийн хямралыг хэрхэн даван гарах гэж байгаа, хямралын нөхцөл байдал аль хэр төвшинд байгаа талаар янз янзын мэдээллүүд байна. Хятадын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувьтай байсан. Энэ тоо буурч найман хувьд хүрэх юм бол Хятадын эдийн засаг нэлээд хүндхэн байдалд орох байх. Сүүлийн 30 жилийн турш Хятадууд улс төрийн томоохон капиталыг бүтээн байгуулсан. Энэ өсөлтийг Засгийн газар бий болгосон гэж хэлж болно. Тиймээс Хятадуудын хувьд байдал тэгтлээ хүндрээгүй байна.
-Та хэлэхдээ Давосын чуулганаар БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Жиабао үнэхээр онцгой байсан гэсэн. Яагаад тэгж хэлсэн юм бэ?
-Учир нь тэр гэнэт л удирдагч болсон нэгэн. Жилийн өмнөхөн л Хятадууд "Бид нар бол хөгжиж буй буурай орон. Бидэнд анхаарлаа хандуулсны хэрэггүй. Бид юу ч хийж чадахгүй" гэж байсан. Гэтэл бодит байдал дээрээ өнгөцхөн ойлголт байсан бололтой. Тэд одоо хүчирхэг гүрэн болсон. Хямрал тэдний хувьд боломж болон хувирч байна. Хэрвээ Хятадын эдийн засаг хямрах юм бол засгийн газар хямралаас гаргах арга хэмжээг хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн байх биз. Хямралаа гэхэд тэд барууныханд ихэд дургүйцэж бухимдлаа илэрхийлэх нь лавтай. Эдийн засгийн энэ эмх замбараагүй байдал нь чөлөөт зах зээлийн, капитализмын илрэл гэж буруушаах байлгүй. Үнэндээ бол Америкчууд бол капитализмыг хэт шүтсэн ийм л ард түмэн. Тэдний хувьд эрх чөлөө гэдэг зүйл капитал дээр л яригддаг.
-Капитализмыг хэт шүтсэн гэдэг ойлголтыг тодруулбал?
-Энэ нь Хятадын системийг сайн, үр дүнтэй гэсэн үг биш. Урт хугацаанд Хятадын эдийн засаг хүнд байдалд орж болох юм. Харин богино хугацаанд засгийн газраас иргэдээ тэтгэхүйц нөөц бололцоо байгаа учраас алзахгүй. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жиабао "Хамгийн агуу зүйл бол бид өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр дэлхий дахиныг зохицуулах болно" гэж хэлж байсан. Тэгэхээр тэд тийм л хүмүүс.
-Хятадын удирдагчид олон улсын төвшинд хүрсэн үү?
-Хятадууд Их 20-ын чуулга уулзалтын үеэр байсан уу? Тэд байгаагүй. Уур амьсгалын өөрчлөлт болох үеэр тэд хаана байх бол? Асуух ч хэрэггүй биз. Хятадууд олон улсын санхүүгийн шинэ барилгыг босгоход байсан уу? Тэд тэнд байгаагүй. Хятадын талаарх энэ ойлголт төсөөлөл одоо болтол хувьцаа эзэмшигчдийн дунд байсаар байгаа гэвэл эндүүрэл болох биз. Нөгөө талаас Америкчуудын хувьд том өрсөлдөгч нь Хятадууд байж мэдэх учраас тэднийг сайн сонсож байна. Хятадын бараа бүтээгдэхүүн дэлхий даяар түгж байна. Хятад шиг том зах зээлтэй оронд санхүүгийн баялаг их байна. Гурав юм уу таван жилийн дараа олон улсын гүйлгээний валют болсон америк ам.долларын байр суурь ганхаж болзошгүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал төдий тодорхой зүйл. Америкчууд дэлхийн зах зээл дээр ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг гүйлгээнд гаргаж байна. Үүний үр дүнд инфляцийн төвшин нэмэгдэж байна. Энэ бол их ноцтой асуудал. Америкчуудын хувьд энэ талаар дорвитой арга хэмжээ яаралтай авахгүй бол өөрийн байр сууриа Хятадуудад алдаж болзошгүй юм.



















