Энэ долоо хоног ч ажлаар амьсгалсан 7 хоног болох нь дээ. Өчигдөр орой 9-р сарын 1нээс өмнө хийж дуусгах ажлуудаа цаасан дээр нэг бүрчлэн бичиж үзлээ. Бас л чамгүй урт жагсаалт гарч байна лээ шүү. Өнөөдрөөс ажлынхаа зав зайгаар нэг нэгээр нь хийж дуусгана даа.
Хийх ёстой ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ жижиг гэлтгүй нэг бүрчлэн жагсааж бичээд, дууссан ажлаа нэг нэгээр нь дараад явбал их дажгүй юм байна. Хэрвээ хийх ёстой ажил нь том хэмжээтэй, хугацаа шаардсан ажил бол жижиг жижиг хэсгээр нь задалж бичээд тэрнийхээ дагуу хийж эхлэх хэрэгтэй гэж байгаа. Өмнө нь ингэж жагсааж бичиж үзээгүй лдээ. Өчигдөр орой бичээд үзсэн чинь үүрч явсан хүнд цүнхээ аваад хаячихсан юм шиг, нэг л тийм эрх чөлөөтэй гоё таатай мэдрэмж төрсөн. Ажлаа хийж дуусаад дэвтэр дээрээ тэмдэглэл хийгээд явахаар бүр ч гоё урамтай байх байхаа. Тэмдэглэлийн дэвтэрт бүх зүйлээ бичээд төлөвлөөд явахаар тэмдэглэлийн дэвтэртээ захирагдаж баригдах биш харин ч амьдрал илүү эмх цэгцтэй, чөлөөтэй болж, зохион байгуулалттай болдог гэж уншиж байсан маань толгойд шууд орж ирсэн. Олон жижиг сажиг асуудлыг мартана гэж санаа зовож зүйлгүй, жагсаалтаа харж байгаад цагийн зохион байгуулалтаа хийгээд явах нь хамаагүй дарамт багатай арга санагдаад хоёр сар тэмдэглэлийнхээ дэвтэртэй нөхөрлөхөөр шийдлээ.


